
Өдөр тутамдаа коллагены бэлдмэл хэрэглэх нь арьсны уян хатан чанар, чийгшлийг нэмэгдүүлэх замаар арьсыг сэргээж, залуужуулах ч үрчлээ үүсэхээс хамгаалж чадахгүй болохыг Aesthetic Surgery Journal Open Forum-д өнгөрсөн сард нийтлэгдсэн судалгаанаас харж болох аж.
Коллаген нь хүний биед байдаг нэг төрлийн уураг юм. Арьс, хумс, яс, булчин шөрмөс, мөгөөрс зэргийг уян хатан, бат бөх байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү уургийн ялгаралт нь хөгшрөлтийн явцад буурдаг аж. Тамхи болон нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дахь коллагены хэмжээ мөн буурдаг ба цэвэршилт явагдах үед эмэгтэйчүүд арьсныхаа коллагены 1/3-ийг нь алддаг байна.
Эрдэмтэд 8000 орчим хүн оролцсон 113 туршилтын үр дүнг судалсны эцэст коллагены бэлдмэл нь үе мөчний өвдөлт, үрэвсэл зэргийг бууруулж, арьсанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон ч коллагены бэлдмэл нь гоо сайхны болон эмийн компаниудын зар сурталчилгаандаа дурддаг шиг хөгшрөлтийн эсрэг, хөгшрөлтөөс сэргийлэх, үрчлээний эсрэг бэлдмэл биш гэдгийг онцолжээ.
Эрдэмтэд коллагены бэлдмэлийг насжилттай холбоотойгоор уян хатан байдлаа алдсан, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсыг арчлах үйлчилгээтэй бэлдмэл гэж үзэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Их Британийн British Nutrition Foundation байгууллагын эрдэмтэн Брижет Бенелам арьсны чанарт өдөр тутамд хэрэглэж буй хоол хүнс чухал нөлөөтэйг онцолжээ. Тэрээр, “C амин дэм коллагены ялгаралтад тусалдаг. Цитрусын төрлийн жимснүүд, ойн зэрлэг жимс, ногоон өнгийн ногоо, чинжүү, улаан лооль нь С амин дэмээр баялаг байдаг бол цайраар баялаг малын мах, шувууны мах, бяслаг, бүхэл үр тариа, самар, загасны мах зэрэг нь мөн л коллаген ялгаруулахад тусалдаг. Коллагены бэлдмэлүүдийн дийлэнх нь мал амьтны гаралтай байдаг учир цагаан хоолтнуудад тохиромжгүй байдаг тул цагаан хоолтнууд буурцаг, вандуй, сэвэг зарам зэргээс коллаген ялгаруулахад туслах амин хүчлүүдийг авч болох юм.” хэмээн зөвлөжээ.
Эх сурвалж: BBC






