
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг шүүхийн шийдвэргүйгээр эгүүлэн татах нь ардчиллын суурь зарчимд харшилна хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр ардчилал бол иргэд нийтээрээ сонгуульд оролцож, нэр дэвшигчдээс сонголт хийж, төрийн эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлэх тогтолцоо гэдгийг онцлов. Иргэдийн сонголтоор бүрдсэн төлөөллийг дундаас нь хэн нэгэн албан тушаалтан өөрийн санаачилгаар өөрчлөх нь бүх нийтийн сонгуулийн системийг үгүйсгэсэн үйлдэл болно гэж үзэж байна.
Түүний хэлснээр ардчилсан тогтолцоонд сонгогчид дөрвөн жил тутам ээлжит сонгуулиар хариуцлага тооцох эрхтэй. Харин сонгогдсон гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах цорын ганц үндэслэл нь шүүхийн шийдвэр эсвэл Үндсэн хуулийн байгууллагын дүгнэлт байх ёстой гэв. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эсвэл Үндсэн хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан тохиолдолд л мандатыг нь хүчингүй болгох боломжтой гэж тайлбарлав.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн бол төрийн өндөр албан тушаалтан биш, харин сонгогчдоосоо дөрвөн жилийн хугацаатай хууль тогтоох эрх авсан төлөөлөгч хэмээн тодотгосон юм. Иймд тэдний мандат сонгогчдын итгэлээр хамгаалагддаг бөгөөд улс төрийн таалагдах, таалагдахгүй байдлаар захиргааны аргаар өөрчлөх ёсгүй гэжээ.
Эцэст нь Х.Тэмүүжин “олонхын саналыг захиргаадалтын аргаар өөрчлөх оролдлого нь ардчиллыг сулруулна. Олон нийтийн сонголтыг өөрчлөх цорын ганц арга бол ээлжит сонгуулийн үр дүн” хэмээн онцолсон байна.
М.Солонго






