
Засгийн бүх эрх мэдэл бол ард иргэдийн мэдэлд байдаг. УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүнээр сонгогдож ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлын төлөө зүтгэхээр тангаргаа өргөдөг. Ард түмнийхээ саналыг авахдаа алтан гургалдай шиг дуулж саналыг нь авчхаад адаг сүүлд нь намайг яах гэж сонгосон юм бэ гэж амын асуулгах ийм ёс зүй байж болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэх нь нэн чухал хэмээн үзэж, энэхүү санаачилга нь ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэж байгааг онцолсон юм.
Хуулийн төслийн гол үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулж, Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх Үндсэн хуулийн чиг үүрэгтэйг дурдав. Иймд иргэдийн парламентад тавих хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг боловсруулж, Засгийн газрын саналыг авч, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн барихаар болжээ.
Монгол Улс парламентын засаглалтай орны хувьд парламентын дархлаа, нэр хүнд нь улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Гэвч сүүлийн жилүүдэд УИХ-ын зарим гишүүн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийн халдашгүй байдлаараа халхавчлан хуулийн өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийж байна гэх шүүмжлэл нийгэмд өрнөсөөр буй. Энэ нь Үндсэн хуульд заасан “хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх” зарчмыг алдагдуулж байна хэмээн үзэж байгаа аж.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах тухай зохицуулалт бий. Гэвч уг заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн нарийвчилсан зохицуулалт өнөөдрийг хүртэл бүрдээгүй явж ирсэн. Тиймээс энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн уг заалтыг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Төсөлд УИХ-ын гишүүнийг дараах үндэслэлээр эгүүлэн татах боломжийг тусгажээ. Үүнд:
- Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаа зөрчиж, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-ийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татах,
- Парламент дахь улс төрийн намын хариуцлагыг нэмэгдүүлж, жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал нам нь хариуцлага хүлээх зохицуулалт бий болгох.
“Төрд зүтгэж буй хүн бүр төгс мэдлэгтэй байх албагүй ч төгөлдөр ёс зүйтэй байх ёстой.” хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр одоо мөрдөж буй суурь зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж буйг тодотгожээ.
1992 онд батлагдсан Үндсэн хууль тухайн үеийн 76 гишүүнтэй парламентад зориулсан зохицуулалттай байсан бол өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болсон. Иймд парламентын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөд нийцүүлэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага үүссэн гэж үзэж байна.
“Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг.” хэмээх Үндсэн хуулийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд ард иргэдийн парламентад тавих хяналтыг нэмэгдүүлэх нь зүйтэйг санаачлагч тал онцолж байгаа юм. Ард түмний итгэлээр сонгогдсон төлөөлөгчид нийт улсын эрх ашгийн төлөө ажиллах тангараг өргөдөг тул ёс зүй, хариуцлагын өндөр шаардлага тавигдах ёстой гэж үзэж байна.
Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад олон нийтэд илүү дэлгэрэнгүй танилцуулж “ёс зүйн хувьсгал”-ыг төрийн дээд байгууллагаас эхлүүлэх зорилго тавьжээ.
Буулгасан: М.Солонго





