
МУГЖ дуучин Т.Ариунаагын тоглолт болох нь ээ.
Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь.
Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь дамжиггүй. Дуулагдах дууных нь нэрс нэг, нэгээр задарч дуулиан тарьдагаараа тарьж л байна. Ерөөсөө Т.Ариунаа гавьяат дуулианы эзэн. Урлагийн тайзнаа гарч ирсэн цагаасаа эхлээд л дуулиан тарьж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй.
Түүний тарьсан дуулиан болгон шинэ салхины чигийг зааж байдаг. Нэг үгээр хэлбэл эстрад урлагийн луужин юмуу даа. Харин 40 жилийн дараа эргээд харвал энэ бүгд дуулиан нь “Хамгийн, хамгийн хамгийн” тодотголтой болчихсон байх.
Сая оны шилдгийн шилдэгийг шалгаруулах Grand Awards наадмаас “Зүрх асна” тоглолт нь “Бүх цаг үеийн домогт тоглолт” номинацийн эзэн болсон нь дээрх үгийг гэрчлэнэ. Тэрбээр “40-н жилийн өмнө анх тайзнаа дуулж эхэлсэн тэр өдөр. Айдас байсан бас мөрөөдөл байсан. Энэ шагнал нэг үдэш биш, нэг дуу биш тайзнаас холдоогүй хөгжмөөс урваагүй 40 жилийн хөдөлмөрийн үр дүн. Амжилт бол тохиолдол биш сонголт. Амжилт бол чиний харж буй тэр агшин биш. Энэ бол олон зуун өдрийн сахилга бат бас хөдөлмөр юм.
Намайг сонсож өссөн надтай хамт хөгжимд дурласан үзэгч зон олны маань хайр намайг энэ замд авчирсан. Үнэхээр түүний амжилт тохиолдол биш. Хамтран ажиллаж үзсэн хүмүүсийнх нь ярианаас “Шаргуу, дайчин” гэдэг үгс л амжиж гардаг юм билээ. Нээрэн мартсанаас гитарчин Өөжгий “Ариунаа гавьяат шиг олон удаа төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн дуучин бүү хэл хамтлаг ч байхгүй” гэж дуу алдсан гэдэг юм билээ. За энэ ч яах вэ.
Ариунаа гавьяат хуучин дуунуудаа сэргээн дуулах гэж байгаа гэсэн. Одоогоос хорь, гучин жилийн өмнө дуулагдаж байсан дуу битгий хэл өнгөрсөн зуны тоглолтод дуулагдсан дуунуудад хүртэл өөрчлөлт хийгдэж ая, хөгөөс эхлээд бүжиг, хувцас хэрэглэл, гэрэл, тайз гээд бүх л зүйлээ шинээр хийж эхэлж таарна.
Гадаа төв цэнгэлдэх хүрээлэнд “ассан” тоглолт, дотор танхимд “амирласан” тоглолт хоёр өөр философтой. Нээлттэй талбайд энерги гадагш тэсэрдэг бол танхимд энерги дотогш төвлөрнө. Тэгэхээр энэ удаагийн тоглолт ассан тэсэрсэн бус, анирласан төвлөрөл байх нь.
Зүгээр хар ухаанаар бодоход л ялгаатай. Энергийн хоёр өөр урсгалыг нэг сувгаар гүйлгэх гээд байж болохгүй шүү дээ. Үзэгчид тоглолтыг гэрэл, дуу чимээ, тоглолт хийх оддын нэрээр л төсөөлж очдог. Гэтэл дуучны хувьд тоглолт зохион байгуулна гэдэг ганц оройн урлагийн үзүүлбэрт бэлдэж байгаа хэрэг ердөө ч биш. Тоглолтыг тойроод эдийн засгийн жижиг, том олон урсгал хөдөлж эхэлдэг. Тайз угсрах техникчдээс эхлээд гэрлийн дизайнер, дууны найруулагч, бүжиг дэглээч, хувцас урлаач, нүүр хувиргагч, менежер, тасалбар түгээгч, хамгаалалт, эмнэлгийн баг, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа гээд нүдэнд үл үзэгдэх олон арван мэргэжилтнүүд мөнөөх энергийн урсгалыг үзэгчдэд мэдрүүлэх нэг зорилгын дор зангилагдана.
Түүний Grand Awards наадмын тайзнаа хэлсэн “Зүрх асна төслийг бүтээлцэхэд бүх зүрх сэтгэл, оюун ухаан, билэг авьяасаа зориулж ажилласан та нарын ур чадвар, бүтээлгүйгээр энэ үдэш хөггүй, аялгуугүй байх байсан” гэдэг үг эдгээр тайзны арын уран бүтээлчдэд зориулсан. Хэчнээн олон залуусыг гараас нь хөтөлж урлагийн гал тогоонд оруулж, зүрхийг нь асаасан бол. Миний ингэж хэлэх ч учиртай юм шүү. Мэргэжлийн урлагийн хүний хувьд залуусыг урлагийн замд хөтлөн оруулахын зэрэгцээ тайз засал, хувцас, жижиг хэрэгслийг сонирхогчийн бус мэргэжлийн түвшинд байлгахыг шаарддаг түүний зан хамтран ажиллагсдаа ч хөгжүүлж байдаг гэх юм билээ. Энэ монголын хөгжмийн урлагт оруулж буй том хувь нэмэр биш гэж үү. Сайн өрсөлдөгч бусдыгаа ч мөн хөгжүүлж байдаг хуультай.
Эцэст нь хэлэхэд томоохон тоглолтын дараах үзэгчдийн сэтгэлзүйн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа байдаг. Нийгмийн соёл судлал, сэтгэл зүй, нейро сэтгэл зүй, хөгжмийн сэтгэл судлалтай хамааралтай. Энэ дунд социологич Эмиль Дюркгейм гаргасан Collective Effervescence (Хамтын мэдрэмж) гэдэг ойлголт нийгэмд тун чиг үр нөлөөтэй. Тоглолтын үеэр олон зуу, мянган хүн нэгэн хэмнэлд, нэг дууг хамтдаа дуулж, сэтгэл хөдлөлөө хуваалцаж байх үед хамтын сэтгэлзүйн нэгдэл үүсдэг. Судалгаагаар ийм томоохон тоглолтууд хүмүүсийн нийгмийн холбоог бэхжүүлж, “би ганцаараа биш” гэх мэдрэмжийг нэмэгдүүлэн өөрийгөө илүү утга учиртай, үнэ цэнэтэй амьдаар мэдэрдэг гэж тогтоосон байдаг. Би энэ уран бүтээлчийн фен, соёлын нэг хэсэг, энэ үеийн хүн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь нийгмийг соён гэгээрэлд хөтлөх нэгэн жим болж өгдөг байх нь. Хөгжим гэдэг өөрөө тайвшруулах шидтэй. Урлаг соёлын тоглолт үзсэн ямарч хүний сэтгэл баяр баяслаар цэнэглэгдэж илүү эрч хүчтэй амьдрах хүслээр жигүүрлэж эхэлдэг гэнэ. Түүгээр ч үл барам хувь хүний соёлын баримжаа бэхжиж ялангуяа залуучуудын хувьд “өөрийн байр суурийг” тодорхой болгодог гэх юм билээ. Олон судалгаагаар тоглолт тогтмол үздэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр нийгмийн холбоо сайтай амьдралын утга учрыг илүү мэдэрдэг гэж гарсан.






