
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Жеффри Эпштейны хэргүүдийг мөрдөн шалгаж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын түр хорооны хаалттай сонсголд оролцжээ.
Нью Йорк мужийн Чаппакуа хотод болсон уг сонсголд оролцохынхоо өмнө Х.Клинтон нийгмийн сүлжээндээ Ж.Эпштейнтэй өмнө нь уулзаж байгаагүй, Ж.Эпштейны үйлдсэн гэмт хэргүүдийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ онцлохын зэрэгцээ Хяналтын түр хорооны гишүүд уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас мэдүүлэг авах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Х.Клинтоны зүгээс сонсголыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулахыг хүссэн бол АНУ-ын Ардчилсан намынхан Х.Клинтоны сонсголд өгсөн мэдүүлгийг 24 цагийн дотор олон нийтэд ил болгож, нийтлэхийг Хяналтын түр хорооноос шаардаж, АНУ-ын Хууль зүйн яам нь Ерөнхийлөгч Д.Трампын Ж.Эпштейнтэй холбоотой баримтыг санаатайгаар нууцалж байна хэмээн буруутгажээ.
Э.Эпштейны файлууд дотор Хиллари Клинтоны нөхөр АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны нэр нэг бус удаа дурдагдсантай холбоотойгоор АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Б.Клинтон 20 жилийн өмнө Ж.Эпштейнтэй харилцаагаа тасалсан гэдгээ мэдэгдэж, Ж.Эпштейнтэй нэр холбогдсон явдалдаа уучлалт хүсээд байгаа билээ. Тэрээр уг асуудлаар энэ баасан гарагт Хяналтын түр хорооны сонсголд оролцож, мэдүүлэг өгөх аж.
Эх сурвалж: BBC






