
Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсан асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ “Сар шинийн баярын өмнөхөн Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Үүнд ХЭҮК хяналт тавьж буй. Мөн цагаан сарын өмнө Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан морины үсэргээ болсон. Үүнд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хянан шалгалтын ажлуудыг зохион байгуулж байгаа. Манай ХЭҮК хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг хүлээсэн бүх шатны Засаг дарга, Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Хориглосон хугацаанд аймаг, сумынх нь нутаг дэвсгэрт хурдан морины үсэргээ, сунгааны шинжтэй үйл явдал болсон зургаан аймгийн 11 сумын засаг даргад Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг орон нутагтаа хангаж ажиллаагүй үндэслэлээр хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулсан.
Тодруулбал,
- Төв аймгийн Сэргэлэн, Баян сум
- Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Улаангом, Өлгий, Өндөрхангай сум
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум
- Сүхбаатар аймгийн Онгон сум
- Дорноговь аймгийн Хатанбулаг сум
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцсон.
Эдгээр сумдад хориглосон хугацаанд хурдан морьдын уралдаан, үсэргээний шинжтэй үйл явдал болсон гэсэн үг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хурдан мориноос унаж 46 хүүхэд нас барсан. Үүний 22 нь хориглосон хугацаанд унаж нас барсан. Мөн дээрх хугацаанд 52 хүүхэд мориноос унаж, гэмтлийн зэргээ тогтоолгосон. Хүүхдээр өвөл, хаврын уралдаанд хурдан морь унуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хурдан морины үсэргээ, сунгаан гээд морины ажилд хүүхэд оролцуулах нь амь нас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөөс гадна сурч боловсрох гэх мэт бусад эрхийг нь ч гэсэн зөрчиж буй явдал юм.
Хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийг унуулах нь үндэсний ондоошил мөн. Гэхдээ бид энэ ондоошлоо хадгалахын тулд хүүхдийн амь насыг золиослох, амьдралын чанарыг нь бууруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй гэж үзэж байгаа. Иймд хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морины ажил хийлгэхгүй байж, үсэргээ, сунгаанд оролцуулахыг байхыг уриалж, шаардаж байна” гэлээ.






