
Эрчим хүчний хомсдол, парламентын соёл, эрх мэдлийн төвлөрөл, “шударга бусын хонгил” гэх ойлголтууд сүүлийн жилүүдэд нийгмийн хэлэлцүүлгийн төвд байна. Улс төр зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцэл үү, эсвэл тогтолцооны өөрчлөлтийн тухай яриа юу гэдэг асуулт улам тод сонсогдох болсон энэ үед бид УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлуудын талаар ярилцлаа. Парламентын ардчиллыг бэхжүүлэх оролдлого, намын дарга ба лидерийн ялгаа, Ерөнхийлөгчийн институцийн үүрэг, төрийн соёлын өөрчлөлтийн тухай түүний байр суурь заримдаа хурц, заримдаа эргэцүүлэлтэй өнгө аястай өрнөв. “Дарга шүтсэн сэтгэлгээ”-нээс ангижрахгүй бол тогтолцооны гажуудал арилахгүй хэмээн үзэж буй түүний үзэл баримтлалыг энэхүү ярилцлагаас унших боломжтой.
-Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаар эхэлж байна. Бид энэ удаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцахаар уриад байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сайхан өвөлжиж байна уу?
-Амны бэлгээр гэдэг шиг сайхан өвөлжиж байна л гэж хэлэх байх даа.
-Тог дулаан хэцүү байгаа болохоор хэлэхэд хэцүү байна гэж үү?
-Тийм. Яг бодит байдал дээрээ бид хэд чинь өндөр том байшингуудтай боловч нөгөө дундаж зуун руугаа л буцаад орчихлоо шүү дээ.
-Танай намынхан дэд сайдын асуудлууд дээр улс төр хийж байснаас энэ эрчим хүчний асуудлыг “шүүмжилж”, улс төр хиймээр юм биш үү?
-Улс төр хийх л байх, эхнээсээ дуугарцгааж л байна шүү дээ. Улс төр гэхээсээ илүүтэй алдаатай бодлогыг засах тэр шаардлагууд илүү хүчтэй явах байх. Санаж байгаа бол 2024 оны сонгуулийн дараа УИХ бүрэлдээд хамгийн түрүүнд санаачилга гаргасан ажил эрчим хүчний хувьсгал гэж хэлсэн шүү дээ. Эрчим хүчтэй холбоотой асуудлаар том шинэчлэл хийхгүй бол болохгүй нь ээ хэтэрхий хамааралтай байна, эмзэг байна гээд л. Харамсалтай нь ажлын хэсгүүд байгуулагдаад дуу хоолойнууд нэлээн хүчтэй гарсан ч гэсэн үр дүнд үнэ нь нэмэгдсэн. Одоог хүртэл албан тушаал дээр байгаа цөөнгүй хүмүүс үүнийг чөлөөлөөд л үнийг нь жоохон нэмээд өгөх юм бол ирэх жил тог тасарна гэдгийг мартана хэрвээ тог тасрах юм бол бараг л би ажлаа өгөхөд бэлэн байна гэдэг ам тангаргаа өгцгөөсөн үр дүн одоо ийм л байна.
-Үнэ нэмлээ асуудал шийдэгдсэнгүй тог тасардаг хэвээрээ байна. Хариуцлагыг нь яаж тооцох ёстой вэ? Бидэнд хариуцлага тооцдог систем бий юу?
-Сул үгтэй, худлаа ярьдаг, ажлаа гүйцэтгэл муутай хийж байгаа бол ардчилсан улс оронд хариуцлага тооцдог ганц л арга байгаа шүү дээ. Тэр албан тушаалаас нь холдуулаад чаддаг хүнийг нь оронд нь авчирч тавих гэдэг ийм л сонголт.
-МАН энэ намар, өвөлжингөө л эрх мэдлийн төлөө “зодолдлоо”. Энэ хооронд танай нам, та юу хийв?
-Өнгөрсөн хавар, намрын хоёр чуулган дамнаад Ардын намынхан нэлээн л бужигнаантай байлаа. Хаврын чуулган дээр Ерөнхий сайдаа буулгаж аваад намын даргаа солих эхлэл эхэлсэн. Намрын чуулганаар энэ намын эзэн хэн байх вэ гэдэг “зодоон” өрнөсөн. Бидний хувьд бол яахав цөөнх, эрх баригчдын “зодоон”-ыг хөндлөнгөөс харсан маягтай. Тэгээд хоёр тал болоод хэрэлдэхэд аль нэг талд хэн нэг нь гүйж орж цочол нэмж эсвэл нэг талынх нь өмгөөлөгч хамгаалагч болчихвий гэдэг дотроо нэг нэгнийгээ харсан сэрдсэн байдалтай, хийх ажлынхаа тухайд эдний эрх баригчид хоорондоо зодолдож байхад бид парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр л нэлээн их сууж ажиллалаа.
Тухайлбал парламентад сүүлийн хоёр УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэт олонх болсон нам эрх баригчид огт цөөнхгүйгээр ажлаа хийгээд, цөөнхийн дуу хоолойг сонсохгүй байна. Сонслоо ч сонсоогүй мэт аяглаж, өөрсдийнхөөрөө зүтгэдэг байдал нь бүр зуршил болчихсон гэж хэлэхэд болно. Парламент гэдэг чинь олон намын төлөөлөл. Эрүүл саруул чөлөөтэй мэтгэлцээн гэдэг зүйл ерөөсөө байхгүй болчихож. Яг үндсэндээ эдний намын хэдэн дарга нарын бүжиг бүжиглэдэг талбай л байгаа байхгүй юу. Тийм учраас олонх цөөнхөөрөө эрүүл саруулаар яаж мэтгэлцдэг болох вэ гэдэг талаар хаврын чуулганаас эхлээд хуулийн төсөл өргөн барьж боловсруулаад батлуулах гэж нэлээн хичээсэн.
Тэгээд хаврын чуулганаар батлаад энэ намрын чуулганаар Ерөнхий сайд анх удаа парламентын чуулганы танхимын дунд бууж ирээд эрх баригчид өөрийнхөө бодлогыг сөрөг хүчнийхээ дуу хоолойтой хагаралдуулж мэтгэлцдэг, тэр дундаас нь эргээд мэдээлэл олж авдаг хэлбэрт анх удаа орлоо.
-Ийм юм санаачлаад Ерөнхий сайдыгаа парламентын мэтгэлцээн хийе ээ гэхэд хүлээж аваад хийчхэж болж байна шүү дээ. Эсвэл том тохиролцоо хийж байж ажил хэрэгждэг юм уу?
-Яахав том тохиролцоо гэхээс илүүтэйгээр парламентын олонх хууль болгож баталсан учраас хүссэн хүсээгүй ямар ч том дарга байлаа Ерөнхий сайд бол УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй. Өөрөө хууль биелүүлээд зогсож байх ёстой, хийж буй ажлаа тайлагнах ёстой. Тийм учраас хуулиараа л ингээд биччихээр хүссэн хүсээгүй буугаад ирж байгаа байхгүй юу. Хуулиар бичээгүй учраас сандал суудал нь бол бууж ирэхгүй байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн зун парламентын ардчилал гэж яриад байгаа УИХ хэрүүлийн талбар биш бодлогын өрсөлдөөн байдаг, эрүүл саруулаар нөхцөл байдлаа ярилцдаг тэгээд олонх цөөнхөөрөө ярилцаж байж шийдвэрээ гаргадаг зарим үедээ тулдаг, зарим үедээ улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэг байр суурин дээр очдог байх.
Тэр эрүүл саруул үйл явц нь ил тод олон нийтийн нүдэн дээр дараагийн сонгуулиар хүмүүс энэ ингээд байсан шүү гэдэг санах ойтой байх хэрэгтэй. Тэгээд тэр чиглэл рүү нь өөрчлөлт оруулахын тулд дөрөв, таван юм хийх ёстой гэж санаачилсан, нэгдүгээрт том дүр зураг гарна шүү.
Монгол Улс Үндсэн хуулиа батлаад 33 чөлөөт нийгэм рүү шилжээд 35 дахь жилийнхээ нүүрийг үзэх нь энэ хугацаанд бидний хийж чадаагүй нэг л юм бий. Том хандлагын буюу соёлын өөрчлөлт гэдэг чинь толгой дотор байгаа юмыг өөрчлөх гээд байна шүү дээ. Гадна хувцсыг бол өөрчлөхөд хялбархан байх бид энийг дарга шүтсэн, дарга гэдэг нэг хүнд бүх юмаа даатгаж найдаж үлддэг хамжлага маягийн сэтгэлгээнээсээ хараахан салж чадаагүй байна. Тийм учраас тогтолцоо бүхэлдээ уруу харчихаад байна.
-Та сая асуултдаа МАН-ынхан “зодолдож” байхад юу хийв гэсэн намаа өмөөрөөд их ухаалаг хариуллаа л даа бид нар бол хөндлөнгөөс ажиглалаа гээд. Гэтэл танай намынхан сөрөг хүчний ажлаа хийлгүй хөндлөнгөөс ажиглаад ч суулгүй хоёр талын “зодоонд” оролцоод зогсож байсан шүү дээ. Юу нь худалдагдаад танай намынхан тэр хоёр талд зогсож байв?
-Бид жишээ нь бужигнааны дараа арай нэг тоос нь багасаад нэг нэг байр суурь дээр очдог нэг бодлого дээр зангилагддаг намын институцийг хөгжүүлэх гэж оролдож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр хуралтай аль нь АН юм гэж хэлэхэд хэцүү хэрүүл дунд явлаа шүү дээ. Энийг манай эрх баригчид ч гэсэн маш сайн төлөвлөж, зохион байгуулж, намыг хоёр хувааж байгаад АН гэдгийг байгаагаас байхгүйтэй адилхан болгож байгаад хоёр гурван удаагийн бүрэн эрх дээр ялалт байгуулж тоглолоо шүү дээ. Тэгээд яахав сайн дураараа гэдэг юм уу, дур мэдэн хувийн тоглолтоороо зарим нэг дэл сул хөдөлгөөн гарсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ та эргээд санаж байгаа бол АН хаврын чуулган дээр ч намрын чуулган дээр ч бүлгээрээ хуралдаад нэгдсэн байр суурь илэрхийлээд энэ байр суурин дээр хатуу зогсоно гээд 42 гишүүний хамгийн багадаа 38,9 нь цуг хөдөлж байна тэгэхээр хөдөлгөөн чинь өөрөө ямар ч байсан бид цулаараа гол цөм нь АН-ын байр суурь АН-ын бодлого Ардчилсан намын яг юу хүсэж байгаа юм бэ? Ардын намынхан хүсэж байгаа хүслийн аль нэг талд нь орж тоглох тухай биш бид өөрсдөө яг юу хүсэж байгаа юм гэдгээ өөрсдөөсөө асуусан тийм алхмуудыг хийсэн шүү дээ. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын хэрүүл дунд аль аль нь гэдэг шийдвэр гарсан. Аль алинд л асуудал байгаа бол Их хурлын даргын суудал эрх мэдлийг намын дарга болох “зодоон”-доо ашиглаж болохгүй. Тийм учраас сонирхлын зөрчлөөс болоод парламент өөрөө парламент шиг ажиллаж чадахгүй нь ээ. Парламентыг Амарбаясгалан удирдахгүй шүү гэж хэлээд тэр хугацаанд Амарбаясгалангаар даргалуулаагүй дараа нь ямар ч байсан хэрвээ намын даргын асуудал хөндөгдөж байгаа бол сайн дураараа байна уу ямар байна уу хамаагүй. Амарбаясгалан гэдэг намын идэвхтэй улс төр хийх гэж байгаа бол парламентын толгой дээр сууж болохгүй гэдэг л зарчим тавьсан. Яг энэ зарчмыг Н.Учрал дээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл намын улс төр идэвхтэй хийж байгаа хүн олон намын төлөөлөл бүхий парламентын толгой дээр гарч ирж тэр Амарбаясгалан байна уу Н.Учрал нь байна уу, суух ёсгүй шүү гэдэг энэ байр суурийг яг адилхан илэрхийлсэн
-УИХ-ын дарга Н.Учралаас танд дарамт ирж байна уу?
-Үгүй ээ.
-Албан тушаал амлаж байна уу?
-Үгүй ээ.
–Тань шиг тодорхой чанга дуугарч асуудлыг шүүмжилж байгаа хүмүүсийг албан тушаал амлаж ч юм уу чимээгүй болгодог юм биш үү?
-УИХ дарга одоо ямар албан тушаал амлах вэ?
-Тэр хүн намын дарга шүү дээ.
-Үгүй ээ нам дотроо намынхаа гишүүдэд л албан тушаал амлаж чадах байх УИХ-ын дарга хүн УИХ-ын гишүүнд албан тушаал амлаж чадахгүй шүү дээ УИХ-ын гишүүн биш намынхаа хүмүүст аудитын дарга болгоё, СЕХ-нд аваачъя гэх мэтчилэн хэлж болох байх. Парламентын гишүүн тэр дундаа цөөнхийн гишүүнд байнгын хорооны дарга амлалтай биш. Яагаад гэвэл байнгын хороо чинь олонхын эрх мэдлийн асуудал юм. Тэд УИХ-д байгаа АН-ын хоёр байнгын хороог буцааж авах тухайгаа ярьж байгаа тийм учраас ямар нэгэн албан тушаал амлах логик байхгүй.
-Ил бол байхгүй. Цаагуураа далд хэлбэрээр таны хамаатан садан бизнесийг дэмжье ч гэдэг юм уу амлалт явагдаад л чимээгүй болгодог юм шиг байгаа юм.
-Мэдэхгүй ээ, хүн хүнд өөр байдаг байлгүй дээ. Надад халдаж албан тушаал амладаг эсвэл бизнесийн дэмжлэг үзүүлье гэж хэлдэг тийм хүн бол байхгүй ээ. Би улс төрч болсноосоо хойш өөртөө баримталсан гурван зарчим байгаа. Аль болох энэ төсвөөс хол байх ёстой гэдэг зарчим төсвөөс хол байна гэдэг чинь тендерүүдээс хол бай гэсэн үг шүү дээ хоёрт уул уурхайгаас хол байх ёстой гэдэг зарчим энэ хоёр л Монгол Улс дахь тогтолцооны авлигын гол эх үүсвэр тийм учраас төсөв болон уул уурхай хоёроос хол байх юм бол ярьж байгаа хүний үнэ цэн болон хийх гэж байгаа ажлын маань цэвэр байдал илүү чухал шүү дээ гурав дахь нь шинжлэх ухаанд ойрхон байх ёстой шүү л гэдэг зарчим.
-Таны зүгээс намын дарга Их хурлын спикер байж болохгүй ээ гэдгийг дэвшүүлээд байгаа л даа. Их хурлын дарга Н.Учрал танай намыг гадуурхаж байгаа үзэгдэл гаргасан уу?
-Үгүй ээ, одоогоор бол гадуурхаж байгаа үзэгдэл байхгүй. Гэхдээ хүссэн хүсээгүй улс төрийн намын дарга парламентын толгой дээр гарч алх бариад суухаар нэг оройны үгийг санаж байгаа биз дээ “300 мянган гишүүнтэй намыг ингэж одоо хэлэхгүй шүү” гэдэг үг тэр хүний амнаас өөрийн эрхгүй гарч байгаа байхгүй юу. Спикер бол маргалдаж байгаа талуудын дүрмийнхээ дагуу явж байна уу гэдгийг л тодорхойлоод сууж байх ёстой болохоос аль нэг талд нь ороод ашиг сонирхлоо илэрхийлээд сууж байх боломжгүй байхгүй юу. Тухайлбал тэр үг юун дээрээс гарсан бэ гэхээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал УИХ-ын олон намын төлөөлөл бүхий энэ парламентын дэгийн зөвлөх энэ дэгийн зөвлөхийг нэг нам нь тэр дундаа эрх барьж байгаа нам нь сөрөг хүчнээсээ асуухгүйгээр шууд оруулж ирээд урьд орой нь Ерөнхий сайд, Их хурлын дарга хоёр яриад манай энэ хүнийг тэнд аваачаад тавьчих гэхэд хуульчдын хамгийн эрхэм албан тушаал, оргил нь ҮХЦ-ээс суга татаж гаргаж ирээд нэг захиргааны ажилтан болгоод тавьж байна гэдэг чинь тэр хүн тийм хэмжээний даалгаврыг үг дуугүй гүйцэтгэж байна гэж болно. Энэ чинь хардалт.
-Тэгэхээр албан тушаалын эрэмбэ гэх юм уу хуульч хүний нэг амбиц гэж байна шүү дээ. Та тэгэхээр хүчээр тавьсан гэж байна уу? ҮХЦ-д ажиллаж байсан хүнийг УИХ-ын Тамгын газрын дарга болгосон.
-Тийм. Тэр хүн нь өөрөө би гуйж ирээгүй шүү л гэж хэлж байна лээ, тэгэхээр яг энэ үгэн дээрээс болоод бидэнд ямар үл ойлголцол бий болсон бэ гэхээр парламентын ЕНБД-ыг парламент дотор байгаа намууд хоорондоо ярилцахгүйгээр нэг нь зүгээр л хувийнхаа нарийн бичгийг тавьж байгаа юм шиг тавина гэдэг бол хамгийн бүдүүлэг. Ерөөсөө энэ парламент дотор байгаа намуудыг үл тоож байна гэсэн үг юм. Үүнийг гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа хүн нь “Миний хүн юм байгаа юм энийг тавьчих аа” гэж хэлж байна гэдэг чинь парламентад хянагдах ёстой албан тушаалтан өөрийнхөө хүнийг парламентад ажилд оруулж байна гэдэг бол парламентын спикер нь өөрөө хүүхэлдэй юм биш үү гэдэг үгийг хэлэхүйц хэмжээний хардалтыг үүсгэж байгаа шүү дээ.
-Баталж байна.
-Магадгүй баталж байгаа. Тийм учраас түүн дээр цочир хатгасан.
–Тухайн үед нь та эсэргүүцсэн үү? танай нам эсэргүүцсэн юм уу. Сөрөг хүчин юм чинь сөрөөд зогсож байх ёстой юм биш үү.
-Эсэргүүцсэн шүү дээ завсарлага авсан. Яг тэр орой та бид хоёр сэтгүүлчдийн уулзалт дээр таарсан. Тэгэхэд тэр араар надад энэ нэг дэх өдөр хүртэл хойшлогдъё гэж хэлсэн мөртөө тав дахийнхаа орой ажлын цаг дуусчихсан байхад шөнө баталчихсан. Тэгээд би ямар сайндаа тэвчихгүй тэндээс гүйж гарч очоод чуулган дээр үг хэлсэн чинь энэ хүн чинь согтуу байгаа юм уу гэж хэл ам хүртэл гарсан шүү дээ.
-Ийм зүйлтэй ер нь яаж тэмцмээр юм. Төрийн гурван өндөрлөг, дарга шүтсэн социалист хандлагыг зогсооё оо гэдэг агуулгыг сэтгүүлчийн хувьд би дэмжээд байгаа юм. Гэхдээ ийм санаа дэвшүүлээд хуулийн төсөл болгож хэлэлцээд батлах боломж байна уу. Та эсэргүүцээд эсэргүүцээд боломжгүй юм биш үү?
-Зарим нэг нь батлагдаж л байна зарим нь батлагдахгүй байна. Яахав УИХ-д байгаа 126 гишүүд дунд шинэ гишүүд, залуучууд олон орсон боловч заримынх нь толгой бол хамаагүй хуучинсаг байна зарим нь маш сийрэг шинэ цаг үеийн өнгө төрхөөр асуудлыг харж байна. Тухайлбал бид албан бусаар Монгол Улсын Үндсэн хуульд огт байхгүй боловч төрийн гурван өндөрлөг гэдэг нэр томьёог хэвлэлийнхэн ч маш сайн ашиглах юм. Улс төрчид ч маш сайн ашиглах юм. Тэд нартаа таалагдахын тулд төрийн албан хаагчид ч бас маш сайн ашиглах юм.
-Бодит байдал дээр төрийн гурван өндөрлөг гэж нэрлэхгүй байвал зохистой гэсэн үг үү?
-Угаасаа энэ нэр томьёо Монгол Улсын хүчин төгөлдөр ямар ч хуульд байхгүй. Бид хуулиас гадуур ийм гоёчилсон үгээр соёл бүтээгээд байна, феодализм бүтээгээд байна. Би түрүүн яриагаа эхлэхдээ хэллээ шүү дээ. Соёл өөрчлөх гэдэг бол маш хүнд гэж. Энэ хэл хэлээр дамжаад энэ толгой дотор төсөөлөгдөж бий болж байгаа ойлголт хоёр хэтэрхий хоцрогдсон байна. Би зүгээр аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй ээ гэдэг үг хэлж байгаагийн гол шалтгаан нь бид ардчилсан чөлөөт нийгэм рүү шилжээд олон ургалч үзэл дээр суурилсан олон намын өрсөлдөөнийг бий болгосон мөртөө тэр нам нь яг социалист намаараа даргатай байгаад байгаа байхгүй юу.
Социализмын үеийн намын дарга гэдэг чинь ардаа байгаа шилэгдсэн хүмүүсээ даргалдаг удирддаг хүний тухай ярьж байгаа. Ардчилсан чөлөөт нийгэмд бол намын дарга гэдэг ойлголт байхгүй намын лидер гэх ойлголт байдаг. Намын лидер бол ардаа байгаа хүмүүсийг даргалах багш биш урдаа байгаа асуудлыг мөс зүсэх шиг зоригтой, бодлоготой байх тухай яриа юм.
-Тэгээд дарга лидер гэдэг хоёр үг чинь маш том ялгаатай шүү дээ.
-Харин тийм. Тэгтэл бид намын дарга гээд хэлэнгүүт нэг хүн намын дарга болохоороо ардаа байгаа 300 мянган хүний эрх ашгийг хамгаалагч болоод хувирчхаж байна. Нөгөө ардчилсан нийгэмд болохоор лидер байгаа учраас энэ нийгэмд сайн сайхан өөрчлөлтийг авчрагч байгаа байхгүй юу. Ардаа байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөө биш үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсд тулгуурлаж дэвшил, өөрчлөлт авчрах тухай урагшлуулах, тэгэхлээр мөс зүсэгчийн тухай яриа байгаа юм. Тэгээд тэр улс орнуудад спикер буюу парламентын хуралдаан даргалагч хуралдааныг зохион байгуулагч удирдагч.
Энэ хүний хувьд бол юу вэ гэхээр намын лидер байж болохгүй. Яагаад гэвэл мөс зүсдэг хүмүүс чинь тэнд маргалдаж байгаа тэр маргалдаж байгаа хүмүүсийн аль нэг талд нь орохгүйгээр төвийг сахиж маргаан мэтгэлцээнийг нөгөө жоомоо шатаах гээд байшингаа шатаав гэдэг шиг маргаж байгаа сэдвээсээ болоод улс орноо самарчихгүй байхын тулд намсгаж, зохицуулж байдаг, эрүүл саруулаар шийдэл рүү гаргаж байдаг тийм хүний тухай ярьж байгаа.
Тэгэхлээр энэ хүн дээр лидер хүн оччих юм бол лидер зан нь хөдөлнө. Тэр тэнд бол зүгээр ноён нуруутай, тайван уужуу, төвийг сахисан төвийг сахисных нь баталгаа нь юу байх ёстой гэхээр намын улс төрөөс ангид байх ёстой. Энэ зарчим дэлхийн зарчим байна.
-Тэгэхээр дарга гэдэг үгнээсээ л системд буруу нөлөөлөөд байна уу?
-Буруу соёл, буруу арга барил буруу уламжлал амилаад буцаад л хоногшоод байгаа юм. Тэгэхээр энийг бид өөрчлөхийн тулд зарим нэр томьёог ч солих ёстой юм байна. Зарим агуулгуудыг ч өөрчлөх ёстой.
-Та тэгвэл АН-аас эхэлж үлгэрлэмээр юм биш үү? АН-ын дарга гэж нэрлэхгүй АН-ын лидер гээд одоо танай нам дээр шинэчлэл явагдаж байгаа шүү дээ.
-Улс төрийн намын тухай хууль ярьж байхад АН-аас санал болгож байсан нэг хувилбар нь энэ байсан. Улс төрийн намын дарга гэдэг ойлголт байж болохгүй лидер гэж ойлголт байх юм байна. Нөгөө улс орнуудад нэг лидертэй, хоёр лидертэй, гурван лидертэй гэдэг удирдлагын системүүд бол байдаг. Мөнгөө хариуцаад, дотоод зохион байгуулалтаа хариуцдаг бол ЕНБД нэг хүн байдаг юм байна. Бусад нь бол яг л үзэл санааны тугч манлайлагч бодлогын эх үүсвэр санаа гаргаж олон нийтийг дагуулагч л байдаг юм байна. Тэгэхээр энийг лидер эсвэл монголоор юу гэж нэрлэх вэ гэдэг санал зөндөө гарсан. Улс төрийн намын хуулийг бид нар батлаагүй.
Ардын нам хэт олон хуваахдаа баталсан Улс төрийн намын тухай хуульд дэвшилттэй олон зүйл байгаа ч гэсэн намын зохион байгуулалттай яг өөрийнхөө намын даргатай бүтцээ хийчихсэн. Одоо бид нар хуульд нь тааруулж намаа өөрчилж шинэчлэх гэж оролдож байна ЗГ, парламент, шүүх ингэж л нэрлэ, нэг уутанд оруулаад төр гэж хэлж ерөөсөө болохгүй. Тэгэх юм бол эрх мэдлийн хуваарилалт хяналт тэнцэл гэдэг зарчмууд амилахгүй.
Засгийн газарт ийм эрх мэдэл байж болохгүй ингэж ажиллаж болохгүй Засгийн газар ийм юм хийх ёстой, төр гэчихээр бүх юм холилдоод дараа нь хариуцлага, чиг үүрэг нь хэн дээр байгаа нь мэдэгдэхгүй болчхоод байгаа юм. Тийм учраас төр гэдэг энэ ерөнхий нэр томьёо чинь дундад зууны нэр томьёо гэтэл орчин үеийн хөдөлмөрийн хуваарь нь арай ихэдчихсэн энэ нийгэмд ерөнхий юм ярихаа боль гэдэг л зарчим байгаа.
-Танай намын бүлэг Занданшатар Ерөнхий сайдын засгийн газрыг “унагаах уу” тохиролцох гээд байна уу. Унагааж чадах уу?
-Бүлэг бол дангаараа унагаж чадахгүй шүү дээ. Ямар ч засгийн газрыг хэн унагадаг вэ гэвэл олонх л унагадаг. Өөрөөр хэлбэл парламентад байгаа эрх баригчдын тодорхой хэсэг нь энэ ЗГ-таа итгэхгүй байна, өөрчлөх ёстой гэж үзэхээр л унадаг. Тэрнээс биш цөөнх дангаараа унагаж байсан тохиолдол дэлхийд байхгүй. Тийм учраас засгийн газар унаж байна гэдэг чинь олонх Засгийн газартаа итгэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Энэ нөхцөл байдал хэзээ үүсэж тохироо нь бий болох вэ гэдгээс их юм шалтгаална. Засгийн газарт хариуцлага тооцъё гэдэг санаачилга гаргаж байгаа нь бол цөөнх. Үндсэн хууль дээр 32 хүн гарын үсэг зурснаар УИХ албан ёсоор хэлэлцэх боломжтой болно. Албан ёсоор тавих эсэх нь чуулганы чөлөөт цагт юм уу хаврын чуулганд юм уу мэдэхгүй. Тэр тухай яриа бол улс төрийнхөө нөхцөл байдлаас шалтгаалаад тэндээ яригдах байх.
-Гол шаардлага нь дэд сайдгүй байх юм байна тийм үү?
-Гол шаардлага нь дэд сайдгүй ч биш л дээ. Дэд сайдгүй гэдэг нь харагдаж байгаа дүр, гол шаардлага нь ерөөсөө эдийн засгийн хүнд байгаа үед энэ төр өөрөө хэт том өөхөлчихсөн тарган байна шүү дээ. Энэ өөхөө хайлуулах ёстой жингээ багасгах ёстой. Тиймээс эхлээд дизайзнаасаа авхуулаад давхардсан орон тоо болон үр ашиггүй сул цалин аваад сууж байгаа энэ хүнд зориулсан албан тушаалууд болон ажлын гарчгуудаа цэвэрлэе ээ.
-Тэгээд Ерөнхий сайд нөгөө талдаа ямар ч албан тушаал орлогчтой байдаг аа гээд байдаг.
-Орлогчгүй ажиллаад болоод л байна шүү дээ. Яахав Ерөнхий сайдын хоёр үг байсан. “Та нарын батлаад өгчихсөн хууль учраас би хууль л биелүүлэх үүррэгтэй шүү дээ” гэж хэлж байна лээ. Бид батлаагүй, санаж байгаа бол 2015 онд Сайханбилигийн ЗГ-ын үед өөрчлөлт орж дэд сайдуудыг авч хаясан. Тэр үед яасан гэхээр эдийн засгийнх нь том арааг хөдөлгөхийн тулд төр өөрөө аль болох цомхон үр ашигтай ажилладаг байх ёстой. Тийм учраас нэг хүнд зориулсан албан тушаалуудаа одоо зогсооё гэдэг байдлаар шийдэл гаргаж байсан.
Тэгээд 2016 онд эд нар өөрсдөө олонх болоод намынхаа хүмүүсийг ажилтай болгохын тулд дэд сайдыг бий болгосон тэрийгээ манай намынханд та нарын баталж байсан гэх утгатай үг хэлж байна лээ. Санах ой, цаасан дээр байгаа цагаан дээр хараар бичсэн хуулиа харах юм бол огноо нь маш тодорхой байгаа хоёрт ямар ч тохиолдолд орлогч, дэд тийм хүмүүс байх ёстой шүү дээ гэж хэлж байх шиг байна лээ. Ер нь бол ажлаа мэддэггүй, ажилдаа цаг хугацаагаа зараад мэдлэг боловсролоо шингээж чаддаггүй хүмүүс л өөр хэн нэгэн туслахыг хайж эхэлдэг.
-Орлогч байх ёстой гэсэн хууль байхгүй биз дээ?
-Орлогч байх ёстой гэдэг байгалийн хууль бол байхгүй. Өөрөө ажлаа хийж чадахгүй бол өөрийг чинь орлох хүн байгаа гэж тиймээ, түр эзлээд суудлыг нь халаагаад сууж байдаг биш. Та чадахгүй нь холд энэ хүн чадна гээд сэлгэдэг тэр хүмүүс бол хаа сайгүй байна.
-2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ дөрвөн өнгөнөөс аль өнгийн Ерөнхийлөгчтэй болох бол, та сонго доо.


-Танай намын гишүүн С.Баярцогт ОТ-н сонсголын үеэр эргэн ирэлт хийж байх шиг байна. Нэлээн төлөвлөгөөтэй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр санаархаж байна гэж харсан. Ерөнхийлөгчийн сонгуульд таны гол өрсөлдөгч байх уу. Танд амбиц бий юу?
-Одоогоор надад бодсон юм алга. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болохоос үл шалтгаалаад энэ институц таван ажил хийгээсэй гэдэг бодол байна. Хэн байхаасаа үл шалтгаалаад шүү. Тийм хэмжээний бодол эрүүл саруул тархитай төлөвлөгөөтэй хүн гарч ирэх эсэх бол одоо монголчуудын хувь заяаны л асуудал болох байх. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн институц албан тушаал гэдэг бол дэхийн зогсоол гэдгийг одоо бататгаасай.
Тэхийн зогсоол гэдэг нь улс төрчдийн Тэхийн зогсоол гэсэн үг. Ер нь бол дэх яагаад зогсоолтой байдаг вэ гэхээр их насалсан учраас маш том эвэртэй болдог. Эвэр нь доошоо уруудахаар толгойг нь аваад уначих гээд байдаг учраас унахгүйн тулд дээшээ уул өгсөж явсаар байгаад зогсож болох нэг газраа ирээд тэр зогсоол дээрээ зогсчихдог. Тэндээс буух ганцхан л арга байгаа. Тэр бол амьдрал нь дуусах.
Иймд улс төрийн карьерынхаа хувьд оргилд хүрч байгаа учраас улс төрчид насан туршдаа, мэдээж бүгд найрамдах төрд албан тушаал бол хугацаатай, хугацаа дуусахад насан туршдаа Ерөнхийлөгч гэдэг нэр төрийг эрхэмлэж Ерөнхий сайд болъё, намын дарга, УИХ-ын гишүүн болъё. Уул уурхайн компанийн удирдах зөвлөлд орчихъё гэж жижгэрдэггүй зүгээр л Ерөнхийлөгчийнхөө нэрээрээ нийгэмд гэрэлтэй сайн өвийн төлөө дуу хоолойгоо хүргээд явж байдаг тэгээд амьдралаа дуусгадаг улс төрийн дэгийн зогсоол болгож одоо дуусгаасай гэж хүсэж байгаа юм.
-Та УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон танд тийм амбиц байхгүй юм уу?
-Үгүй ээ яахав би хувийн амбицын тухай ярихгүй байна. Яагаад гэвэл энэ институцийг зөв болгохгүй бол Монгол Улсын засаглалыг хямраадаг, савлуулдаг хамгийн хүчтэй институц чинь энэ болчхоод байна. Монгол Улсын үндсэн хуулийн дэг журам гэж нэг ойлголт байна. Үндсэн хуулийнх нь дэг журам байх уу үгүй бол өөр хэн нэгэн намын эрх мэдэлтний эсвэл тодорхой бүлгийн, бизнес корпорацын ашиг сонирхол төрийг урдаа баг болгоод амилахуй гэдэг л ийм сонголтууд байна шүү дээ. Энэ албан тушаал дээр миний хийх ёстой ажил энэ. Түүнээс биш би дараагийн улс төрд одоогийн албан тушаалаа ашиглаж болохгүй гэдэг зарчим руу явах ёстой.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж танай намд хэр оролцоотой вэ?
-Одоо бол оролцоогүй шүү дээ. Тэр хүн гадаад улсад олон улсын талбарт өөрийнхөө байр суурь, нэр хүндийг, өөрийнхөө ажлын талбарыг хараад явж байна шүү дээ. Тэгээд хоёрдугаарт хийх ажил нь бид хонгилын талаар их ярилаа. Ерөнхийлөгч энэ албан тушаал дээр манлайлж л хийхгүй бол өөр хэн ч хийж зориулж чадахгүй байгаа ажил нь энэ хонгилыг нураах. Үе үеийн Ерөнхийлөгч нар тоосго зөөсөөр байгаад хонгил угсарчихсан хүн бүхэн оролцсон байх, Очирбат гуай л оролцоогүй гэж бодож байна тэрнээс бусад нь бол бүгдээрээ оролцсон.
-Хонгил байгаа гэдгийг та нэг жишээгээр батлаач.
-Хонгил байгаа нь уу?
-Тийм. Шударга бусын хонгил байгаа юу?
-Шударга бусын хонгил байгаа гэдэг хамгийн тод жишээ гэхээр хуулийн байгууллагууд хуулиа барьж ажиллахаас илүү улс төрийн салхиа харж ажилладаг болсны илрэл шүү дээ. Та бүхэн анзаарсан бол бүгд “дээрээс ийм юм аа” гэдэг үгийг хаа сайгүй л сонсож байгаа. Тэгээд тэр дээр гэдэг чинь юу юм гэхээр тэнд эзэн биегүй юм шиг боловч сүүдэр байгаад байгаа.
Тэгэхээр ямар хүн буйгаас үл шалтгаалаад энэ сүүдэр бүр л том биежээд байна. Сүүлдээ хуулийн байгууллага ч байна уу хэн ч байна уу тэр сүүдрийг нэр зээлдэж ашигладаг болсон, албан тушаал дээр байгаа хүн нь тэгж хөдлөөгүй байсан ч гэсэн тийм байгаа гэдэг байдлаар ярихад л тэр сүүдэр яаж байна вэ гэхээр дуртай газраа гэрэл хааж зогсох чадвартай болж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө тогтолцоо болоод байна.
-Ерөнхийлөгч хуулийн бүх байгууллагад нөлөөлөөд байна гэж үү?
-Үе үеийн Ерөнхийлөгчид ийм байдлаар ажиллачихсан учраас энэ тогтолцоо байгаад байна. Тийм учраас энэ тогтолцоог хэн нэгэн заавал тэр нэг юмыг нь сугалж нураах ёстой. Нураах эрх мэдэл ганцхан л хүнд байна тэр нь дахиад нөгөө хүнд байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн алдартай үг байгаа шүү дээ. Хүн биш хууль засаглана шүү гээд хэлчихсэн. Тэгэхээр яг энэ бодлого руу зоригтой алхах ёстой юм. Зоригтой алхахын тулд ядаж эхний алхам нь юу вэ гэхээр, энэ хонгил гэдэг зүйл чинь яаж угсардаг юм бэ гэхээр зүгээр шинжлэх ухааны агуулгаар мөрддөг, ялладаг, шүүдэг эрх мэдлийг томилгоо болон түүнтэй холбоотой ямар нэгэн албан тушаалын хөдөлгөөн нэг хүний гарт байхад энэ хонгил үүсэж байгаа.
Тэгэхээр энэ гурван зүйлээ л задлах тухай яриа, 1992 оны Үндсэн хуулиас хойш нийгэмд маш олон удаа яригдсан нэг үг бий. Эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх эрх мэдлийг задлах тухай. Гэтэл бид эрх мэдлийг задлах ажлыг ерөөсөө хийж чадахгүй байна 33 жил ярьж байгаа мөртөө тэгэхээр нэг эрх мэдэл задрах ёстой доо. Энэ задаргааг л хийх манлайллыг үзүүлдэг Ерөнхийлөгч байх ёстой байхгүй юу.
Гуравдугаарт үндсэн хуулийн дэвшилттэй хамгийн үнэ цэн өгч болох нэг зүйл бол Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тэгэхээр энэ институт юмыг хагалгагч биш наагч институт байх ёстой.
-Таны ярьж байгаа хонгилыг УИХ-ын гишүүн нурааж чадахгүй юу?
-УИХ-ын гишүүн нурааж чадахгүй. Бид хэллээ шүү дээ. Энэ хонгилыг нураах эрх мэдэл Ерөнхийлөгчид байгаа, УИХ энэ хонгилыг нураах хэмжээний хүсэл зориг илэрхийлэх боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ энэ хонгилыг нураахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр хандлагын маш том өөрчлөлт хэрэгтэй. Хандлагын, ядаж бид ийм шийдвэр гаргах зоригтой байх ёстой.
-Тэр хонгил мөрдлөгөөс эхэлдэг ээ гээд та ярьж байна шүү дээ. Та 2012-оос 2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Таныг энэ хонгилоор чирэх гэж оролдож байсан уу?
-Тухайн үед зөндөө л юм болж байсан.
-Мөрдөөд л…
-Үгүй ээ янз бүр нь л болдог шүү дээ. Ер нь тэр бол цочирдоод байх юм биш угаасаа байгаа соёл, орчин нь ийм учраас гэнэт мэдэж байгаа юм шиг цочирдох хэрэггүй. Тэр үед одоо та бүхэн санаж байвал хэд хэдэн том өөрчлөлт хийх гэж оролдсон шүү дээ. Дөнгөж сая би ярилаа, эрх мэдлийг задлах гэдэг үг энийг бид ерөөсөө хийж чадахгүй байгаа гэж хэлсэндээ. Тэр үед яах гэж мөрдөх албатай болох гэж оролдсон юм тэр үед ШШГБ-ыг ял эдлүүлэх болон иргэний шүүхийн шийдвэр гэж яагаад хуваах гэж хичээсэн юм яагаад цэргийн цол энэ байгууллагад ашиглуулахгүй гэж зүтгэсэн юм. Энэ бүхэн чинь ерөөсөө том суурь зарчим гуравхан л юм байгаа. Эрх мэдлийг задал, хуваа аль болох иргэний үйл явц болго ерөөсөө энэ.
Санаж байгаа бол Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг өргөн барьж байсан, манай хуулиуд дандаа байгууллагын хууль, цагдаагийн албаны тухай хууль гээд дандаа байгууллага байгууллагын дарга нь хэн байх вэ, ямар төсөвтэй, ямар албан тушаалуудтай байх тухай л заадаг гэтэл хүний эрхийг хамгаалдаг соёлт хүн төрөлхтний хуулиуд ямар ажлыг, хэн, ямар дэс дараатайгаар, ямар нөхцөлд, ямар алхмуудаар хийх вэ гэж үйлчилж байгаа шүү дээ. Энэ хууль байхгүй учраас бидэнд одоо юу байна вэ гэхээр даргын үг үгүй болохоос биш үйл ажиллагаа нь ерөөсөө хэмжигдэхгүй, тодорхойгүй, зүгээр л хувь хүнээс хамаарсан хувь хүнээс хамаараагүй байхын тулд ерөөсөө л процесс гэж хэлж байгаа юм.
Процесс, процесс, процесс тэгээд л энэ. Процессжуулах гэж оролдохоор хэний эрх мэдлийг хамгийн бага хэмжээнд аваачиж хийдэг вэ гэхээр албан тушаалтны эрх мэдлийг хамгийн бага хэмжээнд авчирдаг процесс хэдий чинээ тодорхой, дэлгэмэл, ойлгомжтой болно, тэнд хэн нэгэн албан тушаалтан хувийнхаа зоргоор шийдвэр гаргах тонгочих боломжгүй болдог.
-2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын есөд С.Баярцогт гэж хүн та хоёр нэлээн өрсөлдөөд та ялсан яаж ялав?
-Яахав би ялсан гэхээс илүүтэйгээр намын олон нийт Үндэсний бодлогын хороо санал хураалт явуулаад шийдсэн. Мэдээж хэрэг надад нэг юм таалагдахгүй байсан. Юу нь таалагдахгүй байсан гэхээр хэдэн дарга 72 цаг өрөөндөө сууж байгаад зүгээр хүмүүсийн хувийн тохиргоонууд хийсэн байдлаар хуваарилалт хийгээд тэрийгээ ямар ч хэлэлцүүлэггүйгээр тухайлан тусад нь санал хураалтгүйгээр энийг дэмж, дэмжихгүй бол боль, тэгээд намаараа сонгуульд орохгүй шүү гэдэг шахалтад орж шийдвэр гаргуулах гэж оролдсон нь надад огт таалагдаагүй.
-Танай намын дарга уу өөр намын дарга нар уу?
-Мэдэхгүй. Манай намын дарга нар шийдсэн байлгүй дээ. Би бол тэгж бодож байгаа. Өөр намын дарга нар тэнд шийдвэр гаргах боломж байсан эсэхийг би бол мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр үеийн манай намын дарга нар тийм шийдвэр гаргасан нь надад таалагдаагүй учраас жоохон адарласан.
-Гэхдээ та ялсан шүү дээ та ялаад УИХ-ын гишүүн болсон байна. Та буудлагын спортоор хичээллэдэг тийм үү. Ямар загварын хэдэн буутай вэ?
-Ер нь олон буу байгаа. Тэгэхдээ олон буу гэдэг нь тоймгүй их биш л дээ. Хууль зүйн сайд болоод ер нь бол сайд болсон чинь манайд нэг тийм сонин уламжлалууд байдаг юм. Хүн болгон л сайдад нэг мөнгөн аяга юм уу нэг жаазтай зургаараа л гүйдэг юм байна лээ. Тэгсэн чинь Хууль зүйн сайдад мөнгөн аяга жаазтай зураг барьж гүйхээсээ илүүтэйгээр хутга буу хоёр л авчирч өгдөг юм байна лээ. Нөгөө байгууллагууд энэ тэр тэгээд нэг мэдсэн би өөрөө анх бууны тухай ямар ч ойлголтгүй яг жирийн монгол хүн шинжлэх ухаанаар ажиллаж байсан хүн чинь буу шийдмээс жоохон бэргээтэй байсан тэгээд нэг харсан чинь гурав, дөрвөн буутай. 10, 20 хутгатай болчихсон л байна лээ.
Хутгууд нь бол үнэтэй биш ээ тактикийн гэж ярьдаг албанд хэрэглэдэг тийм хутга гэртээ бол үзэсгэлэн гаргахаар хэмжээнд, хүмүүс буутай, хуулийн сайд хийдэг хүн хатуу хөтүү одоо ажил хийдэг хүн буун дуу гаргаж байх ёстой, сонсож байх ёстой энэ тэр гэж яриад за нээрээ буудаж үздэг юм билүү гээд. Тэгсэн нэг сонирхолтой нь Монгол Улсад энэ бууддаг спорт буудлагын дэд бүтэц ерөөсөө хөгжөөгүй юм байна лээ.
-Үнэтэй шүү дээ.
-Өөрсдөө үйлдвэрлэгч улс биш учраас бид тэгж харж байгаа байх.
-Таны хөрөнгө оруулгын мэдүүлэг 64 сая төгрөгийн орлоготой гэсэн байна. Тэгэхээр харин буудлагын спорт танд үнэтэйдэхгүй юу?


-Үгүй ээ нэг тийм буруу хандлага байх шиг байна. Би Финландад явж байгаад энэ чиглэлийн нэг хүнтэй ярилцаж сонссон үгээ л хэлье. Дундаж ангийн спорт гэж байдаг юм. Дундаж ангийг чанаржиж байна тэлж байна гэдгийг үздэг гуравхан төрлийн спорт байгаа. Анх сонсчхоод дундаж ангийн спорт гэхээр хүмүүсийн үзэх дуртай хөл бөмбөг юм болов уу гээд асуухад тэр хүн юу гэж хэлсэн гэхээр хөл бөмбөг бол баячууд нь мөнгө олдог ядуучууд нь сэтгэлээ тайтгаруулдаг тийм л спорт шүү дээ, дундаж ангийн спорт биш гэж энэ бол бизнес. Тэгвэл дундаж ангийн спорт гэж юу юм гэхэд нэгдүгээрт нь ширээний теннис гэж хэлсэн. Яагаад гэвэл хүн хувьдаа байшин барихаар унтлагын, гал тогооны, ариун цэврийн гээд л… Тэр өрөөнүүд чухал болохоос биш нэг ширээний теннис дэлгээд тавих сул өрөө гаргах бол илүү зардал шүү дээ.
Тэгэхээр хоббиныхоо төлөө зардал гаргаж байна гэдэг чинь дундаж анги тэнд байна гэсэн үг гэсэн. Хоёрдугаарт юу юм гэсэн чинь буудлага гэнэ яагаад гээд яг би өөр шиг чинь бас буудлага бас л мөнгөтэй өртөгтэй л спорт байх гэсэн чинь тэр хүмүүс юу гэж хэлдэг гэхээр буудлага бол эрсдэлтэй. Нөгөөтээгүүр тостой тослог гар гэдэг үг хэлж байгаа буугаа задлаад цэвэрлээд тостой хутгалдана гэдэг чинь баян хүмүүсийн хийдэг ажил биш. Тэр чинь зүгээр л дундаж хүний л ажил. Буудлага гурван зүйлийг илэрхийлдэг сахилга бат Финляндуудын хэлж байгаа буутай иргэн гэдэг үг бол хариуцлагатай иргэн. Тэд яадаг вэ гэхээр хууль дүрмээ ягштал биелүүлдэг, татвараа төлдөг, хоёрдугаарт буудлага хүнд шинжлэх ухааны мэдлэг өгдөг энэ бол техник, буугаа барьчихаад би албан тушаалтай, би мөнгөтэй, би олон танилтай гэж хэлж болно. Байн дээр сум чинь очиход оносноо оноогүй гэдэг чинь сум зүгээр л физик, тэнд нийгмийн нэр хүндийн асуудал падлий байхгүй.
Буудлагын спортоор буюу техникийн спортоор хичээллэнэ гэдэг бол ядаж хүйтний улиралд, салхитайд, нартайд, усан дээр байгалийн татах хүч гэх мэтчилэн наад захын физикийн ойлголтуудыг өөрийнхөөрөө ойлгож аваад тэр ойлголтуудаараа нийгмийг амьдралыг харах чадвартай болдог гурав дахь спорт нь авто спорт буюу гараашны соёл. Хүмүүс хувьдаа машинтай болоод гарааштай болоод хүүхэдтэйгээ цуг машинаа засаад эхлэхэд тэнд хувийн өмчийг хайрлах өөрөө ажил хийж мөнгө олох дээр нь дахиад нөгөө техник хөгждөг юм аа. Энэ гурван спорт бол дундаж ангийн спорт. Тэгэхээр бид буудлага өөрсдөө үйлдвэрлэгч биш учраас техникийг үнэтэй гэж харж байна. Технологийг бас хол гэж харж байна. Монгол Улс хөгжих ёстой шүү дээ. Иймд технологи техник шинжлэх ухаан бидэнд ойртох ёстой, боломжийн хямдрах ёстой дундаж анги төлбөрийг нь төлөх хэмжээний чадвартай болох ёстой.
-Таны буудлагын клубт хэдэн гишүүн байна? УИХ-ын гишүүдээс нэлээн нэгдээд байх шиг байсан.
-Буудлагын талбай дээр өдөр тутам бэлтгэлээ хийгээд ажиллаж байгаа хүмүүсийн тал нь албан хаагчид. Яагаад гэвэл энэ спорт нэг талаасаа спорт боловч нөгөө талаасаа Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх бодлого байгаа юм. Хүн хүний хөгжлөөрөө хамгийн үнэтэй капитал шүү дээ. Тийм учраас би энэ зөвхөн баян чинээлэг эсвэл хэдхэн хүний гэдэг юмыг ерөөсөө бодохгүй байгаа. Монголчууд 100 жилийн өмнө айл болгонд л буутай тэр бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэдэг байсан. 100 жилийн дараа буунаас айдаг сумаа үйлдвэрлэж чаддаггүй байна гэдэг чинь бид хөгжсөн юм уу хоцорсон юм уу?
-Таныг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үедээ Смарт электрониксын асуудлаар шалгаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Мөнгө идсэнтэй холбоотойгоор…
-Намайг мөнгө идсэнтэй холбоотойгоор шалгаж байгаагүй. Би хэлсэн шүү дээ ямар нэгэн тендер мөнгөний асуудалд оролцохгүй гэж, цагдаагийн байгууллага цагдаагийнхаа асуудлыг шийдэх ёстой, хил хамгаалах байгууллага тендерээ зарлаад тэрүүгээрээ асуудлаа шийдэх ёстой.
-Энэ Смарт электрониксын асуудал хэнтэй холбоотой юм бэ?
-Мэдэхгүй, таны яриад байгааг би мэдэхгүй ээ. Смарт электроникс гэдэг чинь яг юу яриад байгаа юм бол?
-Торгууль бичдэг төхөөрөмж…
-Тэрийг Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх дээр зарласан тендер Хууль зүйн яаманд ямар ч хамаагүй.
-Сүүлийн үед сошиал дээр ард нийтийн санал асуулга яваад байна л даа. Энэ одоо хаанаас явж байгаа юм энэ дээр та хуульч хүний хувьд юу гэж бодож байна?
-Хуульч хүний хувьд жоохон хатуу шууд ширүүн хэлэх ёстой байх. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг нь, эрх нь олгогдоогүй этгээдүүд төр ямар засаглалтай байхыг шийдэх гэж оролдохыг хэлж байгаа юм. Ард нийтийн санал асуулга явуулах эрх Үндсэн хуулиараа УИХ-д байгаа УИХ-аас гадуур ийм санаачилга явуулах нь хууль бус. Хэчнээн сайхан сэтгэлээр хэчнээн зөв байна гэж бодсон ч гэсэн хэрвээ хэн дуртай нь ийм байдлаар явдаг бол Үндсэн хууль байгаад ямар ч утгагүй.
-Тэгэхээр энэ санал асуулгыг хэн нэгэн албан тушаалтан албан тушаал дээрээ үлдэх гэж явуулж байна аа гэсэн үг үү?
-Би мэдэхгүй, ямар санаа зорилготой тэр хүмүүс яаж явж байгааг мэдэхгүй шүү дээ. Ямар тэр хүмүүстэй ярилцаж эсвэл тэр хүмүүсийн мэдээллийг сонирхож уншсан биш фэйсбүүк бол тийм байдлаар явж л байна. Нэг л зарчим, дүрэм Монгол Улсад нийгмийн гэрээ байгаа. Монгол Улс Үндсэн хуульд заасан дэг жаягаар улс орноо эмхлэн зохион байгуулж энэ дүрмээр амьдарна гэсэн хууль ёсны тогтолцоотой энэ хууль ёсны тогтолцоон дотор байгаа ямар шийдвэрийг яаж хэн гаргах вэ гэдэг маш тодорхой заагдсан байгаа.
Системээс гадуур ийм санаачилгууд явах нь аюултай. Би өөрөө хуульч, үндсэн хуулийн мэргэжилтэн тийм учраас үндсэн хуулийн дэг журмаас гадуур өөр дэг журмын тухай яриаг би нэг их талархан хүлээж авдаггүйгээс гадна ойшоож дэмждэггүй.
-Миний бэлдсэн асуулт дуусаж байна. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би одоо 3 хүүхэдтэй.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд ингээд лаа бариад сууж байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
Яг энэ асуудлыг шийднэ гээд албан тушаал дээр байгаа эрх баригчид л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Энэ бол нэгийнхээ толгойг илээд за чи минь та минь гээд найзын дундаа өнгөрөх ажил ерөөсөө биш. Энэ үе хоорондын шударга ёс гэж үг байдаг ирээдүйнхээ өмнө ийм том зэм, ял хүлээгээд суух эрх бидэнд байхгүй. Тэгэхлээр залуу үеийнхний өмнө энэ чинь том ял шүү дээ. Хамгийн том.
Нүүрээ хаана хийх вэ гэж уулзуулах ёстой сэдэв чинь энэ байгаа юм.
-За танай нам сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийгээрэй. Таны ажилд амжилт хүсье ээ.
-За баярлалаа.
Ярилцлагыг буулгасан М.СОЛОНГО






