
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчид өнөөдөр /2026.02.25/ хуралдсан байна. Хуралдаанаар Либертари нам үүсгэн байгуулагдсан болон намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ оны өнгөрсөн сарын 13-нд иргэн Э.Оргил-Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандан Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийн дагуу уг асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Өмнө нь “Либертари нам”-ыг Улсын дээд шүүх бүртгэхээс дөрвөн удаа татгалжаад байсан юм. Ингэхдээ “улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй, тухайлбал намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй” гэх шалтгаануудаар буцааж байсан юм.






