
Тайландын Чиан Мэй хотын удирдлагууд жуулчид ихээр очдог Tiger Kingdom хүрээлэнд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 72 бар үхсэн хэргийг шалгаж байна.
Орон нутгийн мал эмнэлгийнхэн үхсэн баруудын цогцоснуудаас авсан сорьцоос нохойн гударга өвчний вирус болон амьсгалын эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг нян илэрсэн болохыг мэдэгджээ. Чиан Мэй хотын удирдлагууд өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр вирусийн тархалт зогсож, бар үхсэн тохиолдол дахиж гараагүй болохыг мөн уг вирус хүнд халдварлаагүй болохыг мэдэгдэж, үхсэн баруудын цогцсуудыг газарт булж, хүндээр өвдсөн баруудыг унтуулахыг үүрэг болгосон гэжээ.
Нохойн гударга өвчин нь онц халдвартай бөгөөд уг өвчний вирус нь амьтдын амьсгалын зам, хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг ба нохойноос гадна муурт ч халддаг аж.
Чиан Мэй хотын мал эмнэлэг урьдчилсан байдлаар барууд муурын парво өвчнөөр өвдсөн байж болзошгүй тухай мэдээлж байсан аж.
Орон нутгийн зарим албан тушаалтнууд барууд түүхий тахианы махнаас халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ба 2004 онд Чонбүри мужид байрлах барын хүрээлэнд түүхий тахианы махнаас болж шувууны ханиад дэгдэж, 150 орчим бар үхсэн тохиолдол гарч байжээ.
Амьтдын эрхийн төлөө тэмцэгчид барууд олноороо үхсэн нь баруудыг муу орчин нөхцөлд тэжээж байгааг харуулж байна хэмээн мэдэгджээ.






