
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид “Комисс” гэх/ дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.” гэж заасан. Нэр бүхий иргэний өргөдлийн дагуу тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын зарим зохицуулалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нийгмийн гарал, байдал … эрхэлсэн ажил, албан тушаал … үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;” гэж заасан болно.
Эх сурвалж: Үндэсэн хуулийн цэц






