
Тайландын хамгийн том сүлжээ кофе шопууд Тайландын Эрүүл мэндийн яамнаас иргэдийн чихрийн хэрэглээг бууруулж, таргалалт болон халдварт бус өвчнүүдээс сэргийлэх “Чихрийн хэрэглээг 50 хувиар буулгая” аянд нэгджээ.
Тайландад үйл ажиллагаа явуулдаг кафе, кофе шопууд үйлчлүүлэгчдэдээ уух зүйлсийнхээ чихрийн хэмжээг 25%, 50%, 75%, 100% чихэртэй гэсэн 4 түвшнээс сонгох боломжийг олгодог ч иргэдийн дийлэнх нь 100% чихэртэйг сонгодог нь хэвийн үзэгдэл болжээ.
Үүнтэй холбоотойгоор Тайландын Эрүүл мэндийн яам иргэдийн зуршлыг өөрчилж, чихрийн хэрэглээг нь 50 хувиар бууруулахыг зорьжээ.
Café Amazon, Inthanin, All Café, Black Canyon, Punthai, Chao Doi зэрэг нийт 9 сүлжээ кофе шопууд уг аянд нэгдсэнээр энэ сарын 11-нээс дээрх кофе шопуудаар үйлчлүүлэгчдийн 100% чихэртэй гэж захиалсан уух зүйлсийн чихрийн хэмжээ өмнөхөөсөө 50 хувиар бага чихэртэй гардаг болжээ.
Жишээ нь 473 мл хэмжээтэй гардаг кофенд өмнө нь нийт 7.3 цайны халбага элсэн чихэр агуулагддаг байсан бол одоо 3.7 цайны халбага элсэн чихэр хийдэг болж, мөстэй цай эсвэл сүүтэй цайнд агуулагдах элсэн чихрийн хэмжээг 6.6 ц/х-аас 3.3 ц/х болгож бууруулжээ.
ДЭМБ-аас өдөрт хэрэглэх чихрийн хэмжээг 6 ц/х-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг ба Тайландын Эрүүл мэндийн яам чихрийн хэрэглээг бууруулах нь арьсанд эерэг нөлөө үзүүлэх, хөгшрөлтийг удаашруулах, анхаарал төвлөрөлтийг сайжруулах, ядрах, элэг өөхлөх, чихрийн шижинтэй болох эрсдэлээс сэргийлэх ач тустайг онцолжээ.
Тайландчуудын хувьд өдөрт дунджаар 21 цайны халбага элсэн чихэр хэрэглэдэг ба тэдний өдөр тутамдаа уудаг чихэрлэг цай, ундаа, кофе зэрэг нь чихэр ихээр агуулдаг аж.
2017 оноос Тайландын эрх баригчид бэлэн савлагаатай ундаанд чихрийн хэмжээнээс нь хамаарч татвар ноогдуулж эхэлсэн ба үйлдвэрлэгчид өндөр татвар төлөхгүйн тулд ундааныхаа чихрийн хэмжээг бууруулж байжээ.






