
Норвеги улс Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмыг нийт 41 медальтайгаар тэргүүлж, хүн амын тоогоороо өөрөөсөө хавь илүү АНУ, Нидерланд, Итали, Герман зэрэг улсыг ардаа орхижээ.
Норвег улс Өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн улс болоод зогсохгүй тус улсын гүйлтийн цанын тамирчин Йоханнес Хёсфлот Клебо энэ удаагийн наадмаар оролцсон бүх төрөлдөө түрүүлж, Өвлийн Олимпын наадмаар нэг дор 6 алтан медаль хүртсэн анхны тамирчин болж, Олимпын нийт 11 алтан медалийн эзэн болсноороо Олимпын наадмын түүхэнд медалийнхаа тоогоор Майкл Фелпсийн араас бичигдэх болжээ. 342 сая хүн амтай АНУ, 1.4 тэрбум хүн амтай БНХАУ, 84 сая хүн амтай ХБНГУ, 59 сая хүн амтай Итали болон 40 сая хүн амтай Канад зэрэг улстай харьцуулахад Норвеги улс нь дөнгөж 5.7 сая хүн амтай атлаа медалийнхаа тоогоор дээрх улс орнуудыг ардаа орхисон нь онцгой амжилт юм. 18 сая хүн амтай Нидерланд улс зохион байгуулагч Итали улстай адил 10 алтан медальтайгаар Олимпын наадмыг өндөрлүүлээд байна.
Их Британи 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Австрали мөн адил 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн нь уг хоёр улсын Өвлийн Олимпын наадмаар үзүүлсэн хамгийн том амжилт болоод байна. Медалийн тоогоороо хоёрт бичигдсэн АНУ-ын хувьд Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадам нь хамгийн олон буюу 12 алтан медаль хүртсэн анхны өвлийн Олимпын наадам болжээ. Норвеги улсын хувьд 2014 оны Өвлийн Олимпоос хойш амжилтаа тасралтгүй ахиулсаар ирсэн ба тус улсын олон тооны тамирчид зөвхөн өвлийнх төдийгүй бусад спортын төрлүүдэд ч амжилттай яваа билээ. Норвегийн цаг агаар, байгалийн тогтоц зэрэг нь Өвлийн Олимпын наадамд амжилт үзүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээс гадна тус улс нь дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд спорт болон дасгал хөдөлгөөн нь норвегчуудын амьдралын салшгүй нэг хэсэг аж.
АНУ зэрэг барууны бусад улс орнуудтай харьцуулахад норвегчууд хүүхдүүд, өсвөр насныхны дунд зохиогддог спортын тэмцээн уралдааныг өрсөлдөөн гэхээс илүү цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх гэдэг утгаар авч үздэг ба 12-оос доош насныхны оролцож буй багийн спортын тэмцээнүүдэд оноо тавьдаггүй аж. Энэ нь хүүхдүүд авьяас, ур чадвар нь бүрэн нээгдэхээсээ өмнө урам нь хугарч, спортоор хичээллэх хүсэлгүй болохоос сэргийлдэг гэж үздэг аж.
Түүнчлэн Норвеги нь баян улс хэдий ч скелетон, бобслей зэрэг зардал өндөртэй спортын төрлүүдийг хөгжүүлэхээсээ илүү гүйлтийн цана, биатлон, трамплин зэрэг төрлүүд дээрээ илүү анхаардаг аж.






