
NBA-ийн супер од, будагтай талбайн эзэрхэг мангас Демаркус Казинс Монгол Улсад хоёр дахь жилдээ ирэхээр болжээ. Манай улсын сагсан бөмбөгийн дээд лигт “Сэлэнгэ бодонс” багт ирж тоглосон тэрбээр эцсийн мөчид “Хасын хүлэгүүд” багтай тоглож хожигдсоноор нутаг буцсан юм.
“Сэлэнгэ Бодонс” багт аваргын бөгж авч өгөхөд хүчин зүтгэхээр ирж буй тэрбээр өнөөдөр 23:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Түүний Монгол нэрийг Бүүгий гэдэг билээ.
СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Бүүгий хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд Голден Стэйт Уорриорстой хийсэн сүүлчийн тоглолтдоо Puma MB.01 өмссөн. Мөн Puma Triple, Puma Court Rider Twofold, Puma Clyde Hardwood, J.Cole x Puma Dreamer 2, Puma RS-Dreamer, Puma Clyde All-Pro, Puma Fusion Nitro Spectra пүүзнүүдийг өмсөн тоглож байсан юм.
ЦАЛИН ОРЛОГО
2010 оны нэгдүгээр улирлаас хойш 2021 оны 22-р улирал хүртэл нийтдээ 120 сая долларын цалинтай ажилласан байна. Тэрбээр 2021 оны NBA карьераа өндөрлөснөөс хойш нэг өдрийн 15,970 долларын цалинтай ажиллаж байна. Бүтэн жилийн цалин нь 683,196$.
ХУВИЙН АМЬДРАЛ
Демаркус Казинс ихэр бөгөөд түүний ихрийг Jaleel Cousins гэдэг. Бүүгий дөрвөн эгч, нэг ахтай. 2019 оны наймдугаар сарын 24-нд өөрийн удаан үерхсэн найз бүсгүй болох Морган Лангтай гэрлэсэн юм. Тэд 2 хүүхэдтэй.
Нэмж сонирхуулахад, Демаркус Казинс манай улсын багт ирж тоглож байгаа цорын ганц NBA-ээс гаралтай тамирчин биш юм. Харин ирсэн тамирчдаас хамгийн алдартай нь гэвэл илүү оновчтой болов уу. Тодруулбал, 4 удаа “NBA All-Star”, “All-NBA Second Team”-д сонгогдож байсан. Мөн АНУ-ын шигшээ багийн хамт 2016 онд Риогийн олимпод, 2014 онд дэлхийн аваргад түрүүлсэн амжилттай гэдгээрээ онцлог гэсэн үг. Бусдаар манай улсын багт 2014 оноос хойш NBA-д тоглож байсан таван тамирчин байдаг. Нэрсийг дурдвал, Чу Мадуабум, Смуш Паркер, Карлделл Жонсон, Андре Браун, Даймонд Стөүн нар юм.






