
Осака хотын Ус сувгийн удирдах газарт нэрээ нууцалсан нэгэн иргэн 560 сая иений үнэ бүхий алтан гулдмай хандивлажээ. Ингэхдээ тухайн иргэн хандивыг нь Осака хотын усны шугам хоолойнуудыг засварлаж, шинэчлэхэд ашиглахыг хүсжээ.
Японы 3 дахь том хот, 2.8 сая хүн амтай Осака хотын дарга Хидэюки Ёкояама хандив өгсөн иргэний хүсэлтийг хүндэлж, 21 кг жинтэй алтан гулдмайг хотын усны шугам хоолойг сайжруулахад зарцуулна гэжээ.
Япон улсын дэд бүтцүүдийн дийлэнх нь дэлхийн 2-р дайны дараа эдийн засгийн огцом өсөлтийн үед баригдсан бол Осака хотын дэд бүтцүүд тэрнээс ч өмнө баригджээ. Тийм ч учраас тус хотын усны шугам хоолойнууд болон бусад дэд бүтцүүд хуучирч, муудаад байгаа аж.
Осака хотын Ус сувгийн удирдах газраас мэдээлснээр тус хотод нийт 260 км усны шугам хоолойг солих шаардлагатай байгаа ба зөвхөн 2 км орчим шугам хоолойг шинэчлэхэд 500 сая орчим иен зарцуулагдах аж.
2025 онд тус хотын авто замуудын доор байрлах шугам хоолой задарсан 92 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн онд Японы Сайтама мужид усны шугам хоолой задарснаас болж авто зам дээр 10м өргөн, 5 м гүн нүх үүсэж, уг нүхэнд унасан ачааны машины жолооч амиа алдсан хэрэг гарсан билээ.






