
Японы Ичикава хотын амьтны хүрээлэнгийн макака сармагчны зулзага 6 сартай Панч-күн сүүлийн хэдэн өдрүүдэд цахим орчинд шуугиан тарьж, олны хайрыг татаад байгаа билээ.
Нийгмийн сүлжээнүүдэд тавигдсан Панч сармагчны бичлэгүүдийг сая сая хүмүүс үзэж, TikTok, Instagram дахь зарим бичлэгүүд нь 30 сая үзэлтийг давжээ.
Өнгөрсөн оны 7-р сард төрсөн Панчийг эх нь голчихсон учир тэрээр энэ оны 1-р сарыг хүртэл амьтны хүрээлэнгийн ажилчдын асаргаанд байсан аж.
1-р сард амьтны хүрээлэнгийнхэн Панчийг сүрэгтэй нь нийлүүлэх үйл явцыг эхлүүлжээ. Сүрэгтэйгээ нийлэх нь тухайн амьтны урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой хэдий ч сүрэгтэйгээ нийлэх үйл явц хүнд хэцүү байх тохиолдол ч байдаг байна. Японы макака сармагчнуудын сүрэг нь дотроо хатуу шатлан захирах тогтолцоотой бөгөөд залуу сармагчнууд нь сүрэг дотроо өөрийн байр сууриа эхийнхээ тусламжтай олж авдаг аж. Эхдээ гологдсон Панч-күнийг хамгаалах, түүнд сүрэгтэйгээ нийлэх арга замыг зааж өгөх хүн байхгүй тул түүнийг эхэндээ бусад сармагчнууд үл тоомсорлож, дээрэлхэж эхэлжээ.
Үүнийг анзаарсан амьтны хүрээлэнгийн ажилчид Панч-күнд сэтгэлийн дэм өгөх, булчингийн ажиллагааг нь сайжруулах зорилгоор Ikea брэндийн орангутан сармагчин бүхий чихмэл тоглоом бэлэглэсэн нь Панч моншийн хамгийн сайн найз нь болжээ. Түүний тоглоомоо хаа ч явсан хараанаасаа салгахгүй, тэвэрч, чирч яваа бичлэгүүд цахим орчинд олны сэтгэлийг хөдөлгөж, Ikea брэндийн Япон, АНУ, БНСУ дахь дэлгүүрүүдэд тухайн чихмэл тоглоом хэдийн зарагдаж дуусжээ.
Шведийн гэр ахуйн тавилгын Ikea брэндийн Япон дахь салбар Ичикава амьтны хүрээлэнд олон арван чихмэл тоглоом хандивлахын зэрэгцээ сүүлд гаргасан сурталчилгаандаа орангутан сармагчны чихмэлийг тэвэрсэн сармагчныг дүрслэн, “Заримдаа бид гэр бүлээ замаасаа олдог.” гэсэн үг ашиглажээ.
Панч сармагчны сүрэгтэйгээ нийлэх үйл явц эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлсэн ба сүргийнх нь зарим сармагчнууд Панчийг халамжилж, үеийнх нь сармагчнууд түүнтэй хамт тоглож эхэлжээ.
Тэрээр хэдхэн хоногийн дотор ямар ч зовлон бэрхшээлд бууж өгдөггүй зан чанараараа олны хайрыг татаж, итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон ба ямар ч амьтан, ямар ч хүн бусдад хайрлуулах эрхтэйг тод томруун харуулж чаджээ.
Эх сурвалж: Euro news






