
Их Британийн хаан III Чарльзийн төрсөн дүү Эндрю Маунтбаттен-Виндзорыг өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Норфолк дахь хаан III Чарльзийн Сандрингэм ордноос баривчилж, Баркшир болон Норфолк гүнгийн харьяат нутаг дахь гэрт нь нэгжлэг хийжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Ж.Эпштейны файлууд дунд ханхүү асан Эндрю 2001-2011 онд Их Британийн Худалдаа ба хөрөнгө оруулалтын тусгай төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнд Сингапур, Хонконг, Вьетнам зэрэг улсад хийсэн албан айлчлалуудынхаа тухай тайлагнаж, нууцын зэрэглэлтэй мэдээлэл хуваалцсан байж болзошгүйг илтгэх баримтууд байгаа ба үүнтэй холбоотойгоор цагдаагийн газар түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчилсан ч 12 цагийн дараа суллажээ.
Их Британийн Хатан хаан агсан II Элизабетын хамгийн хайртай хүүхэд гэгддэг байсан дунд хүү Йоркийн гүн асан Эндрю бэлгийн хүчирхийлэгч Ж.Эпштейнтэй найз нөхдийн харилцаатай байсан нь 2011 онд олны анхаарлыг төвд орж, Ж.Эпштейны олон тооны хохирогчдын нэг Виржиня Жуффри гэгч америк бүсгүй 2014 онд түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд өгснөөс хойш Эндрюгийн нэр хүнд унаж, 2019 онд Бакингемийн ордноос ханхүү Эдвардыг олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хориглож, 2022 оны 1-р сард хатан хаан Элизабет Эндрюгийн зэвсэгт хүчний бүх цол хэргэмийг хураан авсан билээ.
Өнгөрсөн 10-р сард Эндрюгийн ах Их Британийн хаан III Чарльз дүүгийнхээ үлдсэн бүх хэргэм зэрэг, гавьяа шагналыг хурааж авах шийдвэрийг гаргасан билээ.
Тухайн үед Бакингемийн ордноос гаргасан мэдэгдэлд Эндрюгийн ханхүү цолыг хураан авч, Эндрю Маунтбеттен Виндзор гэж дуудна хэмээн онцолсон байсан ба Эндрю сүүлийн 20 гаруй жил амьдарсан, 30 өрөө бүхий Виндзор дахь Royal Lodge ордноосоо хөөгдөн, хаан Чарльзын Сандрингем эдлэн дэх хувийн сууц руу нүүхэд хүрээд байсан юм.
Эх сурвалж: bbc.com






