
Өнөөдөр “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан эхэлсэн.
Барилдааны 1, 2-ын даваанд Улсын заан, арслангуудыг ээлж дараалан өвдөг шороодуулсан залуу бөх, сумын заан Дармаабазарын Мөнхтулга гэж хэн бэ?
Сумын заан, “Хилчин” спорт хорооны бөх Д.Мөнхтулга жил 24 настай. Биеийн өндөр 189 см. Тэрбээр 2019 онд Завхан аймгийн Улиастай сумын наадамд түрүүлэн сумын заан цол авч байжээ. Мөн хоёр удаа сумын заан цолоо баталсан, шилдэг сумын заануудыг нэг.
Д.Мөнхтулга нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдааны нэгийн даваанд Улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг хаяж, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодон олныг шуугиулж байсан билээ.
Түүний аав нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, үндэсний бөхийн Улсын Харцага, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Монхорын Дармаабазар юм.






