
ХАКУХОТОЙ УУЛЗСАН 40 МИНУТ
Өрөг.мн редакцын баг Япон улсын нийслэл Токио хотын төвд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн домогт Их аварга, Хакухо М.Даваажаргалтай уулзлаа.

Түүнтэй ярилцах 40 минутын л боломж олдсон ба тэрбээр “Хакухо кап” тэмцээнээ зохион байгуулах, киноны төсөлд ажиллах, Японы уламжлалт Сакэ архины томоохон компанийн гүйцэтгэх захирлын алба хаших зэрэг олон ажил хавсран хийж, ачаалалтай байх үед нь уулзсан нь энэ. Түүний бизнесийн хамтрагчид хэлэхдээ, “Хакухо зөвхөн хүчтэй хүн биш. Маш ухаалаг хүн. Тиймээс хамтарч бизнес хийдэг” хэмээн сайшаав.

“САНСРЫН ТОО” БУЮУ 45 ТҮРҮҮ, 25 ҮЗҮҮР
Хакүхо М.Даваажаргал дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн. Жилд 6 башё болдог өнөөгийн сүмогийн системээр бодвол хэн нэгэн хүн 8 жил дараалан, нэг ч удаа түрүү алдалгүй барилдаж байж энэ амжилтыг эвдэнэ. Тиймдээ ч “Хакухогийн рекордыг араатан, адгуус л биш бол хэн ч эвдэж чадахгүй” хэмээн Япончууд хэлсэн байдаг. Чадах хүчтэн байлаа ч “Зүрх сэтгэл нь дийлэхгүй” гэх.
Тиймдээ ч тэд магадлалын онолоор тооцоолол гаргаж, Хакухогийн рекордыг эвдэе гэвэл башёгийн тоог олшруулах л арга байгаа гэсэн аж. Энэ бол хэтрүүлэг магтаал биш, тооцоолол. Харин өөрөө үүнд хариулахдаа “Юмс хөгжөөд эм тариа гараад, хэзээ нэг өдөр миний амжилтууд эвдэгдэх биз ээ” хэмээсэн юм.
Түүний бусад амжилтууд:
- 1927 оноос хойших унаа давааны харьцаагаар түүхэнд нэгдүгээрт
- Нэг жилд хамгийн олон даваа авсан амжилтаар нэгдүгээрт
- Дээд зиндаанд 1000+ даваатай бөхчүүдийг тэргүүлдэг
- 16 башёд нэг ч унаагүй
- Долоон башё дараалан түрүүлсэн амжилтаараа Асашёрюү Д.Дагвадорж аваргатай хамт түүхэнд бичигддэг.
- 25 удаа үзүүрлэсэн (хэрэв бүгдийг түрүү болгосон бол 70 түрүү хүрэх боломжтой байжээ)
Түүний эвдэж чадаагүй цорын ганц рекорд бол 69 дараалсан даваатай Футабаяма аваргын амжилт. Хакүхо 63 дээр зогссон аж. Өмнөх үеийн 32 түрүүтэй домогт аварга Тайхо жилд хоёр, дараа нь дөрвөн башё болдог цаг үед барилдаж байв. Харин Хакүхо 6 башёгийн эринд амжилтаа тогтоосон юм.

“АЗ” ХЭМЭЭХ ХАНЗ
Хакүхо “Аз хөдөлмөрлөсөн хүнд ирдэг” гэдэг үгийг санамсаргүй хэлсэн ч энэ нь одоо түүний философи болжээ.
Японы алдарт дуучин Мацүяма Чихару түүнд “Аз” гэдэг ханз нь цэрэг, давшилт гэсэн утгатайг тайлбарлаж өгөхдөө азтай байлаа гэдэг үгийг олон хэлэхгүй байхыг нөхөрсгөөр сануулжээ. Өөрөөр хэлбэл, аз зүгээр суусан хүнд ирдэггүй. Харин урагшилж, давшилж, хөдөлмөрлөсөн хүнд л “ирдэг” зүйл аж.
Түүний амжилтын нууц:
- Башё хоорондын 1.5–2 сарын сахилга баттай бэлтгэл.
- Зөв хооллолт. (62 кг-аас эхэлж хүчээр жин нэмсэн)
- Аварга болсноос хойш жил бүр 3 хоног мацаг барьдаг уламжлал.
- Сэтгэл зүйн тогтвортой байдал.
- Бодох чадвар, тооцоолол. (шатар сайн тоглодог аавынх нь нөлөө)
- “Анх түрүүлье гэж барилддаг байсан бол сүүлдээ түрүү өөрөө ирдэгийг ойлгосон” сэтгэлгээний суурь.


ЯПОНЫ СҮМОГИЙН ДЭВЖЭЭ ТҮҮНИЙГ “ДААХАА” БАЙСАН УУ?
Гадаад аваргууд Японд амжилт гаргах амаргүй.
Тэрбээр: “Монголд Япон залуу ирээд бүх аваргыг авбал Монголчууд яаж хүлээж авах вэ? Тийм л зүйл гэж хэлсэн юм. Нээрээ л бид яах бол? Гаднын олон аваргууд сүмогийн дэвжээг “эзлэх” болсон тул одоо нэг дэвжээнд нэг л гадаад бөх авдаг журамтай болжээ.
Харин Хакухог сүмогийн холбоо, сүмогийн дэвжээ “даахаа” байсан уу? гэж асуухад тэрбээр, “Хүмүүс ингэж ярьж, надаас асууж байгаа. Сүмогийн холбоо аваргууддаа жаахан халтай мэт.
Түүхэнд олон домогт аварга холбоонд үлдэж чадаагүй. Үүнд Таканохана, Чиёонофүжи, Акебоно, Мусашимару, Харумафүжи зэрэг нэрс багтана. Өнөөдөр мэргэжлийн сүмочдын тоо буурч байна. Таканоханагийн үед 1000 гаруй сүмоч, миний үед 800 гаруй, одоо 600 хүрэхгүй л байна. Жилд 20 гаруй хүүхэд элсдэг ч 30 гаруй нь зодог тайлж байна. Сүмо холбоонд 100 гаруй багш бий. Тэгэхээр анхаарах асуудал мөн л байгаа юм.” гэсэн.

ДОТРООС НЬ БИШ, ГАДНААС НЬ…
Сүмогийн холбооны шийдвэрээр дэвжээнээсээ “явсан” тэрбээр харин ингэж дүгнэжээ. “Сүмогийн ачийг дотроос нь биш, гаднаас нь хариулах ёстой”.
Энэ бодлоо ажил болгож, World Sumo League санаачилга үүсгэж, олимпын төрөл болгохоор ажиллаж байгаа аж. Олимпын шаардлага бол эрэгтэй, эмэгтэй төрөлтэй байх. Одоо охидын оролцоог нээж, өөрийнхөө нэрэмжит тэмцээндээ охидыг барилдуулах болжээ. Тиймээс сүмо олимпод орох нь цаг хугацааны л асуудал. Тэгж чадвал Монголчууд сүмогоос медаль түүж чадна. Харин Япончууд уламжлалт соёлоо дэлхийд гаргаж чадна хэмээн бахархаалтай хүүрнэсэн юм.
Түүний үүсгэн байгуулсан “Хакүхо Даян” компани сүмог дэлхийн бөхийн төрлүүдтэй уялдуулах зорилготой. Судалгаагаар 150 гаруй улс өөрийн гэсэн үндэсний бөхтэй ба сүмогийн барилдаан харьцангуй барилдахад амар дүрэмтэй учраас дэлхийд гаргахад хүндрэл багатай гэв.


“ХАКҮХО ДАЯН” КОМПАНИИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
Тэр дэлхийн хэмжээнд сэтгэдэг, дэлхийн хэмжээнд бизнес хийхийн тулд компаниа ийн нэрлэжээ. Хакухо Даян. Сүмог дэлхийд гаргах, Японы алдарт сакег дэлхийд гаргах. Мөн тун удахгүй түүний хамтран хөрөнгө оруулж буй “Бууж өгөхгүй” нэртэй кино Японы зах зээлд гарах аж. Мөн “Хаку Академи” байгуулж, хүүхдүүдэд сургалт явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ОХИДЫН ДЭВЖЭЭ БОЛСОН “ХАКҮХО КАП”
Бид түүнтэй Токиод уулзахад хоёрдугаар сарын 7, 8-нд “Хакүхо Кап” тэмцээнээ зохион байгуулахаар завгүй байсан юм.
Уг тэмцээнд 19 улсын, 1300 хүүхэд, тэр дундаа 350 охин оролцсоноороо онцлог байлаа. Охид дэвжээнд гарах эрх нээгдэж байгаа нь сүмо олимпод орох шаардлагууд хангагдахын үндэс аж.

ХОЁР УЛСЫН ХАРИУЦЛАГА
Хакухо М.Даваажаргал бол Монголд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, зууны бөх, домогт Дархан аварга Жигжидын Мөнхбатын хүү. Удамт бөх, Японд бол олон арван рекорд эзэмшигч, домогт Их аварга билээ.
“Аварга болох хэцүү. Болсныхоо дараа хамгаалах нь бүр хэцүү” гэж тэр онцолсон юм.
Түүний яриаг сонсоход зүрх сэтгэлд нь Монгол, Япон хоёр улс зэрэгцэн оршино. “Хоёр улсынхаа гүүр болж ажиллая”, сүмог дэлхийд, Монголын нэрийг өндөрт гаргах амбиц зэргээс нь энэ сэтгэлийг харж болно. Өөрөөр хэлбэл түүнд хоёр улсын хариуцлага ч эрхгүй үүрээтэй байдаг ажээ.
Бичвэр: У.Болортуяа
Ярилцсан: Б.Болорчимэг, У.Болортуяа
Зураглаач: Д.Гэлэгжамц, н.Өгөдэй
Эвлүүлгийн найруулагч С.Баасандаш






