
Арлын Япон улсаас Өрөг.мн сайт та бүхэндээ мэндчилж байна. Энэ удаа бид “Physical Asia” шоугаар дамжин Монголчуудын зүрх сэтгэлд ойртсон, Япон улсын усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин Кацүми Накамүратай уулзлаа.
Монгол үзэгчид түүнийг “Янзын” хэмээн Монгол багийг дэмжин орилж байсан мөчөөр нь илүү сайн мэдэх биз ээ. Бид түүнтэй нэг цаг л уулзах хугацаа товлосон ч Токиод зураг авалт хийхийн тулд эргэн тойрны газруудаас нь зөвшөөрөл авах хүндрэлтэй байсан тул нийтийн эзэмшлийн талбай буюу гудамж, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт л уулзлаа. Орчуулагчаар дамжуулан ярилцсан тул яриа хэдэн хүний ам дамжин “цаг авч”, нэг цагийн ярилцлага товч хүрээнд өрнөснийг уншигч авхай та уучлан ойлгоорой.

– Сайн байна уу та? Бидний хүсэлтийг хүлээн авсанд их баярлалаа. Та бидний ярилцлага Монголын үзэгчдэд сар шинэээр хүрэх тул мэндчилгээ дэвшүүлнэ үү.
– Сайн байна уу. Монголын үзэгчдэдээ баярлалаа. “Physical Asia”-г үзэж, намайг дэмжиж байсан та бүхэнд маш их талархаж байна. Та бүхний үндэсний баярт өдрүүдийн мэнд дэвшүүлье.
– Монголын охид бүсгүйчүүд сошиал орчинд таныг “краш” гэж нэрлэж байгаа. Тэдэнд тусгай мэндчилгээ хэлэх үү?
– (Инээмсэглээд) Сайн уу охидуудаа? Сайн уу крашуудаа? Үргэлж дэмжиж байдагт баярлалаа.


– Physical Asia шоунаас таны сэтгэлд үлдсэн хамгийн тод дурсамж юу вэ?
– Тэмцээний гуравдугаар даалгаврын үеэр Монгол, Японы баг хамтарч өөр багийн эсрэг үзэлцсэн. Тэр үеэр Г.Хандсүрэн тамирчнаас Монгол үг сурах ч гэдэг юм уу хоорондоо ярилцах боломжууд их гарсан.
Б.Орхонбаяр аваргыг бөмбөг шиддэг хэсэг дээр бид монгол үг сурчихсан байсан болохоор Монголын багийг манай баг “Янзын”, “Янзын” гэж орилж дэмжиж байлаа.
Энэ ч гэсэн дараагийн хоёр даалгавар дээр манай хоёр багийн хувьд зөвхөн тэмцээн дээр өрсөлдөгч гэхээс гадна найз нөхөд, нэг баг, хамт олон болгож бүдүүлж өгөх боломж олгосон гэж боддог.


– “Янзын” гэдэг үгийг одоо ч хэрэглэж байна уу?
– Тийм ээ. Тэмцээн дууссаны дараа ч миний постуудын доор Монголчууд “Янзын” гэж их бичдэг. Тиймээс одоо болтол мартагддаггүй үг болсон. Цахим орчинд түлхүү хэрэглэдэг.
– Шоунд оролцохоос өмнөх Накамүра, оролцсоны дараах Накамүра хоёрын амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
– Даалгаврууд нь маш хүнд, энгийн үед хийдэггүй сорилтууд байсан. Тиймээс биеийн хүчний хувьд илүү сайжирсан. Харин амьдралын хувьд олон хүнд танигдсан. Инстаграмын дагагчид хэд дахин өссөн. Японд ч, гадаадад ч хүмүүс таньж мэндэлдэг болсон. Австралид бэлтгэл хийж байхад хүртэл хүмүүс ирж зургаа даруулж байсан. Энэ шинэ амьдралын хэв маяг надад таалагдаж байгаа.


– Усанд сэлэлтээр хэдэн жил хичээллэж байна вэ? Амжилтын тань нууц юу вэ?
– Би 12 наснаасаа хойш хичээллэж байна. Одоо 31 настай, тэгэхээр 20 гаруй жил болжээ. Усанд сэлэлтээс өмнө жудо, хөл бөмбөгөөр хичээллэдэг байсан. Олон спортын туршлага хуримтлуулсан нь одоогийн амжилтад маань давуу тал болсон гэж боддог. Амжилтын нууц бол тууштай байдал, сахилга бат.
– Усанд сэлэлтэд орсон шалтгаан тань их онцгой түүхтэй юм билээ?
– Манай ээж уснаас хүн авардаг мэргэжилтэй байсан. Нэг удаа бэлтгэл хийж байгаад осолд орж, усанд сэлэх боломжгүй болсон.
Тэр үед би “Ээжийнхээ оронд усанд сэлдэг болъё, та хурдан эдгээрэй” гэж хэлээд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Хожим нь Япон улсаа төлөөлсөн олимпын тамирчин болжээ. Ковидын үед, Токиогийн олимпын дараа ээж маань хорвоог орхисон. Гэхдээ би ээжийнхээ ачийг хариулж чадсан гэж боддог.
Энэ спортод дурлаж орсон, одоо ч дуртай хэвээрээ.
– Ээжийнхээ ачийг хариулсан сайн хүү нь байна.
– Би аав ээжээсээ гурвуулаа. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Усанд сэлэлтэд орсон анхны шалтгаан нь ээж маань осолд орсон нь байсан ч би энэ спорт руу орсондоо баяртай байдаг. Дурласан спорт минь.


– Япон тамирчдын бэлтгэл хэр шахуу байдаг вэ?
– Долоо хоногт гурван өдөр нь хүчний бэлтгэл хийж, төмөр өргөнө. Бусад өдрүүдэд усанд сэлдэг. Би богино зайд уралддаг учраас илүү тэсрэлттэй, эрчимтэй дасгал хийдэг. Бусад тамирчидтайгаа харьцуулахад шахуу хуваарьтай байдаг.
– Тамирчны дараагийн шатаа хэрхэн харж байна вэ?
Дараагийн олимпод бэлдэж байна. Тамирчны карьерийнхаа сүүлийн хагаст орж байгаа ч одоо тэгж өөрийгөө хязгаарлахгүй. Дараагийн хоёр жилд өөрийгөө хамгийн хүчтэй түвшинд хүргэхийг зорьж байна.


– Монголд ирэх бодол бий юу?
– Тийм ээ. Монголд очихыг маш их хүсэж байна.
– Монголд ирээд юу хийхийг хүсэж байна вэ?
– Монголд очих юм бол юуны түрүүнд үндэсний хэв маяг, амьдралын хэмнэлийг нь мэдэрч, монгол гэрт орж үзмээр байна. Монгол хоолыг их гоё гэж сонссон, хорхог боодог идмээр байна.
Саяхан манай Австрали найз хуримаа хийгээд дараа нь Монголд очсон. Үзсэн юмных нь нэг нь хөлдсөн нууран дээр ламбергэнитэй дрифт хийгээд уралдаад явж байгааг нь харсан. Мэдээж морь унах. Монгол Улс чинь өөрөө дөрвөн улиралтай. Байгаль нь сайхан учраас цасанд дарагдсан тэр үеийг үзмээр байна.
– Бид хоёр ч гэсэн ламбергэнийд сууж дрифт хийж үзээгүй шүү дээ.
Найзынхаа бичлэгийг үзээд цасан дээр явж байгаа бас цас үсэрч байгааг харахад яах ч аргагүй хийж үзэх ёстой юм шиг санагдсан. Зөвхөн тэр биш байгалийн сайханд морь унах ч гэдэг юм уу, хурдан Монгол руу явж л үзмээр байгаа.


– “Physical Asia” шоуг дахиад хийе гэж төсөөлье. Танд багаа бүрдүүлэх эрх өгвөл тэр шоунаас хэн хэнийг авах вэ?
– Надад бол Солонгос, Япон, Монгол гэсэн гурван баг хамгийн түрүүнд санаанд орж ирж байна.
Эмэгтэй тамирчдаас А.Адьяасүрэнг авна. Мөн шоуг үзээд ойлгосон зүйл нь Б.Орхонбаяр аварга биеийн хүчний олон талт зүйл чадахаас гадна тактик, стратеги боловсруулахдаа мундаг юм билээ. Энэ хоёр хүнийг хамгийн түрүүнд авмаар байна.
Стратеги, тактикийн хувьд монголчуудын бусад багуудын хэзээ ч бодож олж чадахааргүй зүйлүүдийг бодож олж байгаа нь таалагдсан. Жишээ нь, бид том хаалгыг хааж чадаагүй. Гэтэл Б.Энх-Оргил хааж чадсан. Элсэн дээр тэрэг түрдэг тэмцээн дээр дугуйнаас нь түрвэл хурдан явна гэдгийг бид хэзээ ч бодож олж чадахгүй байсан болов уу.
Багаа бүрдүүлэх юм бол Монголчуудыг авна. Би өөрөө ч энэ багтаа багтаж чадахгүй гэж бодож байна.


– “Physical Asia” шоугаа үзээд “энийг ингэхгүй яав даа” гэсэн харамсал байсан уу?
– Манай баг тавдугаар даалгавар дээр хасагдсан учраас тухайн үеийн үйл явдлууд санагдаж байна.
Тухайн үед манайх хаалгаа хааж чадаагүй, тэргээ түрж чадаагүй. Сүүлд нь шоугаа үзэхэд Монголчуудын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд зөв байсан байна лээ.
Тэгэхээр дараа нь “Physical Asia” шиг шоунд оролцох юм бол Монголын багийн хийж хэрэгжүүлсэн зүйлүүдээс санаа авна гэж бодож байна.
Манай баг сүүлийн даалгавар хүртэл явж чадаагүй ч хэрэв сүүлийн даалгавар дээр Солонгос Улсын оронд байсан бол даалгавар гэхээсээ илүү танилцах үед идсэн зоогийг идэх байсан.
Би өөрөө хоолонд дуртай хүн учраас Солонгос багийн оронд байсан бол Монгол хоол идэх байсан.


Монголд ирэхийг мөрөөдөж буй түүнийг ирэхэд бид Янзын, Накамүра! гэж хариу дуудах л үлдлээ.
Кацуми Накамура гэж хэн бэ?
1994 оны хоёрдугаар сарын 21-нд Токио хотод төрсөн тэрээр 183 см өндөр, 50 болон 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Япон улсаа төлөөлдөг богино зайн тамирчин. Waseda University-ийн Спортын шинжлэх ухааны ангийг төгссөн. Их сургуульд сурч байх үеэсээ Японы шилдэг сэлэгчдийн нэг болж тодорсон бөгөөд “Itoman Toshin” клубт харьяалагдан мэргэжлийн замналаа үргэлжлүүлжээ.
Тэрбээр:
- 2016 Summer Olympics
- 2020 Summer Olympics
- олимпод Япон улсаа төлөөлөн оролцсон.
- 2018 онд богино зайн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 46.22 секундийн амжилт үзүүлж, Японы үндэсний рекордыг шинэчилсэн. Азийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн туршлагатай.
Бичвэр: У.Болортуяа
Ярилцсан: Б.Болорчимэг, У.Болортуяа
Зураглаач: Д.Гэлэгжамц, н.Өгөдэй
Эвлүүлгийн найруулагч С.Баасандаш






