
Норвегийн гүйлтийн цанын тамирчин Йоханнес Клэбо Италид болж буй Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын 4×7.5 км эрэгтэйчүүдийн буухиа тэмцээнд өнгөрсөн ням гарагт шигшээ багаараа түрүүлж, Олимпын наадмын 9 дэх алтан медалиа хүртжээ.
Тэрээр Өвлийн Олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болж, 8 алтан медальтай Норвегийн биатлонч Уле-Эйнара Бьорндален, цанын гүйлтийн тамирчид болох Норвегийн Бьорн Дэли болон Марит Бьорген нарыг ардаа орхижээ.
Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадам эхэлснээс хойш 29 настай Йоханнес Клэбо 4 алтан медаль хүртээд байгаа ба Өвлийн Олимпын наадмын түүхэн дэх анхны 9 удаагийн аварга болоод байна.
Тэрээр энэ 7 хоногт эрэгтэйчүүдийн багийн чөлөөт спринт, эрэгтэйчүүдийн 50 км уламжлалт масс старт зэрэг 2 төрөлд уралдах аж.
Өвөл, зуны Олимпын наадам гэж ангилахгүйгээр Олимпын наадмын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Майкл Фелпс юм. Тэрээр Олимпын 23 удаагийн аварга билээ. Түүний араас Олимпын 9 алтан медаль хүртсэн ЗХУ-ын уран гимнастикч Лариса Латынина, Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Карл Льюис, Америкийн усан сэлэлтийн Калеб Дрессел, Марк Спитц, Кэти Ледеки нар, Финляндын хөнгөн атлетикийн тамирчин Пааво Нурми, Йоханнес Клэбо нар бичигджээ.
Эх сурвалж: DW






