
Их Британи, Швед, Франц, ХБНГУ болон Нидерланд улсын зүгээс ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн биологийн сорьцод хийсэн шинжилгээгээр түүнийг эпибатидин нэртэй бодисоор хордуулж хөнөөсөн байж болзошгүй тухай мэдэгджээ.
Эпибатидин нь Эквадор, Перу зэрэг улсад амьдардаг Epipedobates төрлийн мэлхийнүүдийн арьсан доор хуримтлагддаг хортой бодис юм. Уг хортой бодисыг тэдгээр мэлхийнүүд араатнуудаас биеэ хамгаалахдаа ашигладаг аж.
Эпибатидин морфиноос илүү өвдөлт намдаах үйлчилгээтэй хэдий ч тунгийн өчүүхэн ялгаа нь бие махбодыг хордуулах чадвартай тул 1990-ээд оноос эрдэмтэд эпибатидиныг өвдөлт намдаах зорилгоор ашиглах санаагаа орхижээ.
Хулгана, үхэр зусаг зэрэг амьтад дээр хийсэн туршилтаар эпибатидин бодисын эмчилгээний тунг хэтрүүлсэн тохиолдолд даралт ихсэх, таталт өгөх, амьсгал зогсох, цаашлаад үхэлд хүргэх аюултай нь тогтоогджээ.
Уг бодисоор хүн хордсон тохиолдол маш ховор бөгөөд хамгийн анхны тохиолдол нь 2010 онд гарсан ба лабораторид тус бодистой ажиллаж байсан ажилтан арьсан дээр нь тууралт гарч эмчид хандсан байдаг аж.
Онолын хувьд эпибатидин бодисын тунг хэтрүүлсэн тохиолдолд гарах шинж тэмдгүүд болох ой ухаан балартах, амьсгалах үед исгэрэх мэт дуу гарах, бөөлжих, чичрэх, булчин татах, тэнцвэр алдагдах, хэт түгших эсвэл унтаа байдалтай болох зэрэг никотины хордлогын үед гардаг шинж тэмдгүүдтэй төстэй байдаг. Түүнээс гадна эпибатидин бодисоор хордсон үед дээрх шинж тэмдгүүд илрэхээс ч өмнө үхэх магадлал байдаг аж.
Онолын хувьд эпибатидин нь арьсанд хүрэлцэх, эсвэл тарьж хэрэглэх үед үйлчилнэ гэсэн байдаг ч тус бодисыг амьсгалах эсвэл тус бодистой хоол хүнс идсэн тохиолдолд ч биеийг хордуулах бүрэн боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
Оросын эрдэмтдийн тогтоосноор эпибатидин бодисоор хордсоныг цусаар, амны хөндийн эд эсээр эсвэл шээсээр шинжилж тодорхойлох боломжтой аж.
Эпибатидин бодисыг заавал мэлхийнээс гаргаж авах шаардлагагүй бөгөөд уг бодисыг лабораторид гаргах боломжтой аж. Эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-д уг бодисыг гаргаж авах ажлыг “Новичок” төрлийн хорт бодисыг боловсруулсан Органик хими, технологийн институтийн эрдэмтэд хариуцаж байсан аж.
Цэвэр эпибатидин бодис нь нунтаг хэлбэртэй бөгөөд тус нунтаг бодисыг хоол хүнсэнд ордог шингэн орцуудад хийж уусгах боломжтой аж.
Өнөөдрийг хүртэл дэлхийн нэг ч улсад эпибатидин бодисоор хүн хордуулж хөнөөсөн тохиолдол гарч байгаагүй аж.
BBC News






