
Өнгөрсөн баасан гарагт Бразилын Рио-де-Жанейро хотод эхэлсэн алдарт карнавал буюу багт наадмын үеэр цагдаа нар “Ахмад Америк”, “Бэтмен”, “13-ны баасан гараг”, “Money Heist” зэрэг алдартай кинонуудын баатруудын дүрд хувирч, багт наадмын үеэр иргэдийн гар утасны хулгайлж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг барьжээ.
Рио-де-Жанейро хотод болдог багт наадамд оролцохоор жил бүр гадаад дотоодын олон сая жуулчид хүрэлцэн ирдэг ба хотын гудамж талбайд олон тооны хүмүүс цугларах нь халаасны хулгайчдад гэмт хэргээ үйлдэхэд таатай нөхцөл болдог аж.
Гар утасны хулгайн гэмт хэргийг бууруулж, хулгайн гар утсыг бусдад борлуулах явдлыг зогсоох санаачилгын үр дүнд цагдаа нар хулгайд алдагдсан 13 мянга гаруй гар утсыг олж, 4400-г нь эздэд нь буцаан олгожээ.
Баатруудын дүрд хувирсан цагдаа нар багт наадмын үеэр хулгайд алдагдсан 5 утас олсон ба удахгүй эздэд нь буцаан өгөхөөр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн цагдаа нарт баригдсан хоёр хулгайч өмнө нь 30 удаа хэрэгт холбогдож байсан нь тогтоогдсон ба эмэгтэй нь өөрийгөө жирэмсэн хэмээн худал хэлж баривчилгаанаас мултрахыг оролджээ.
Энэ нь Латин Америкийн цагдаа нар дүрд хувирч, гэмт хэргийн сэжигтнүүдийг баривчилсан анхны тохиолдол биш юм. Перу улсын цагдаа нар Валентины баяр, Хэллоуин, Зул сарын үеэр янз бүрийн дүрд хувирч, нэгжлэг хийн, халаасны хулгайчдаас авхуулаад хар тамхины наймаачдыг барьдаг аж.
BBC News






