
Дэлхийд алдартай Hello Kitty брэндийн дүр төрхийг сүүлийн 46 жилийн турш хариуцан ажилласан загвар зохион бүтээгч Юко Ямагучи ажлаа өгч байгаа тухай Японы Sanrio компанийн зүгээс мэдэгджээ.
Hello Kitty-г 1974 онд загвар зохион бүтээгч Юко Шимицү бүтээсэн ба Юко Шимицү 1976 онд ажлаа өгсний дараа 1980 онд түүний ажлыг Юко Ямагучи авчээ.
Муур ч биш, хүн ч биш гэгддэг Hello Kitty нь Япондоо тэр дороо алдартай болсон ч Юко Ямагучигийн ачаар дэлхийд алдаршсан юм.
Sanrio компанийн хамгийн амжилттай болсон төслүүдийн нэг Hello Kitty нь Японы “kawaii” соёлын томоохон төлөөлөл юм.
Sanrio компани Юко Ямагучигийн хийсэн бүтээсэн бүхэнд талархснаа илэрхийлж, түүнийг ажлаа дараагийн үедээ шилжүүлснийг онцолжээ. Hello Kitty-гийн дүр төрхийг 2026 оны сүүлээс эхлэн Юко Ямагучитай хамт ажиллаж байсан “Аяа” хочтой нэгэн хариуцан ажиллах бол Юко Ямагучи Sanrio компанид зөвлөхөөр ажиллах аж. 70 настай Юко Ямагучигийн хувьд олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо хүртэл Hello Kitty хэв маягаар хувцасладаг байжээ.
Өнөөдөр Hello Kitty-гийн дүр зургийг хувцас, гоёл чимэглэл, тавилга, видео тоглоом, нисэх онгоцноос хүртэл харж болох юм. Hello Kitty брэнд ЮНИСЕФ, Нинтендо, Balenciaga зэрэг олон улсын байгууллага, салбар салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байсан түүхтэй. Түүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрд Hello Kitty кафе, сэдэвчилсэн паркууд ажиллаж байна.
Покемон зэрэг Японы брэнд дүрүүдтэй харьцуулахад Hello Kitty-гийн дүрийн талаар тодорхой мэдээлэл хомс бөгөөд Sanrio компанийн зүгээс Hello Kitty-г Лондонд төрсөн, Мимми нэртэй ихэр дүү, Dear Daniel гэсэн найз залуутай хүн ч биш, муур ч биш гэж дүрсэлжээ.
Түүнээс гадна Warner Bros. студийн бүтээсэн Hello Kitty-тэй дэлгэцийн бүтээл 2028 онд нээлтээ хийх аж.
Эх сурвалж: BBC






