
Манай сурвалжлах баг Увс аймгийн Өлгий суманд томилолтоор ажиллах үеэрээ тус сумын сургуулийн жижүүр Д.Басантай уулзаж, түүний онцгой сонирхлын талаар ярилцлаа.
Эгэл даруухан ажил эрхэлдэг ч монгол бөхийн ертөнцөд тэр өөрийн гэсэн “архив”-тай нэгэн.
Тэрбээр 2000 оноос хойш улсын баяр наадмын томоохон бүхий л барилдааны гараа, учраа, давсан унасан бөхчүүдийн нэрсийг өөрийн гараар нэг бүрчлэн тэмдэглэж иржээ. Олон хүний хувьд барилдаан бол үзээд өнгөрөх агшин. Харин Д.Басангийн хувьд түүх болон үлдэх үнэ цэнтэй мөч.


Бөхөд шимтсэн сэдэл нь хүүхэд наснаас эхтэй. Ялангуяа Х.Баянмөнх аваргын тухай “Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт” номыг уншсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлж, “Би ч бас тэмдэглэж үлдээе” гэсэн бодлыг өгчээ. Тэр цагаас хойш 26 жил дэвтэртээ наадмын түүхийг нямбайлан буулгасан байна.
Түүний бичсэн тэмдэглэлүүдийг бөхчүүд өөрсдөө ч сонирхон үзэж байсан удаатай. Сумын ойгоор улсын аварга П.Бүрэнтөгс ирэхэд дэвтрийг нь үзэж, барилдааны түүхийг нь шагшин сонирхсон гэдэг. “Хэрэг гарвал танаас хуулаад авчихъя” хэмээн хошигноод амжиж.
Барилдаан эхлэхэд зурагтаа асааж, дэвтрээ дэлгэн, нэрсээ нямбайлан бичиж суугаа нь түүний хувьд жинхэнэ баяр. Энэ бол зүгээр нэг хобби бус, монгол бөхийн түүхийг өөрийнхөөрөө хадгалж буй чин сэтгэлийн хөдөлмөр юм.


Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр дэвтрүүд үнэ цэн нь улам нэмэгдэж, магадгүй хэзээ нэгэн өдөр ном болон эмхлэгдэхийг үгүйсгэх аргагүй.







