
БНСУ-ын Үндэсний Тагнуулын газар өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын хууль тогтоогчдод танилцуулсан тайландаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Эг өөрийн залгамжлагчаар нэрлэхээр төлөвлөж буй талаар онцолжээ.
Энэ сарын сүүлээр Пхеньяны эрх бас барих Хөдөлмөрчдийн нам их хурлаа хийх юм. Тус хурлаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх 5 жилд баримтлах бодлого, төлөвлөгөөг танилцуулахаас гадна өөрийн эрх мэдлийг бататгах алхмуудыг хийнэ гэж Сөүл таамаглаж байгаа аж.
БНСУ-ын Үндэсний Тагнуулын газар Ким Жон Ун 13 настай Ким Жу Э (жинхэнэ нэр болон нас нь мөн эсэх нь батлагдаагүй) охиноо Хойд Солонгосын өнцөг булан бүрээс ирсэн олон мянган төлөөлөгчдийн өмнө Хөдөлмөрчдийн намын их хуралд дагуулж ирэх эсэхийг анхааралтай ажиглана гэжээ.
Ким Жон Ун хамгийн анх охиноо 2022 оны 11-р сард болсон алсын зайн пуужингийн туршилтад дагуулж ирсэн ба түүнээс хойш Ким Жу Э аавтайгаа хамт зэр зэвсгийн туршилт, цэргийн парад, шинэ үйлдвэр, амралтын газар, зочид буудлын нээлт зэрэг арга хэмжээнүүдэд, Бээжинд өнгөрсөн 9-р сард болсон Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баярт хүртэл оролцсон юм.
Эх сурвалж: apnews.com






