
Попын гүнж гэгддэг Америкийн дуучин Бритни Спирс өнгөрсөн 12-р сарын 30-нд Primary Wave нэртэй хөгжмийн компанид Baby One More Time хит дуу нь багтсан “Baby One More Time” цомог, Toxic дуу нь багтсан “In The Zone” цомог мөн Crazy, Oops!… I Did It Again, Piece of Me, Gimme More, Everytime, Hold It Against Me зэрэг уран бүтээлүүдийнхээ зохиогчийн эрхийг 200 орчим сая ам.доллароор зарах гэрээ хийжээ.
Ингэснээр Primary Wave компани дээрх уран бүтээлүүдийг зар сурталчилгаа, шоу нэвтрүүлэг, уран сайхны кино зэрэгт ашиглуулах эрхтэй болж байгаа аж.
Тэрээр 2024 онд хөгжмийн салбартаа эргэн орохгүй гэдгээ мэдэгдсэн ба сүүлд гаргасан Mind Your Business дуугаа 2023 онд цацаж, сүүлийн “Glory” нэртэй цомгоо 2016 онд гаргаж байсан билээ.
Дуучид, уран бүтээлчид уран бүтээлүүдийнхээ зохиогчийн эрхийг зарах нь хөгжмийн ертөнцөд энгийн үзэгдэл бөгөөд тус ертөнцийн шилдгүүд болох Шакира, Боб Дилан, Kiss хамтлаг зэрэг олон алдартнууд өөрсдийн дууныхаа зохиогчийн эрхийг зарж байсан түүхтэй юм. Сүүлд 2022 онд дуучин Жастин Бибер 2021 оноос өмнө бичсэн дуунуудынхаа зохиогчийн эрхийг 200 сая ам.доллароор зарж байсан билээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Спирс Primary Wave компанитай гэрээ байгуулахдаа маш баяртай байсан ба 20 настай хүү Шон Престон, 19 настай хүү Жейден Жеймс нартайгаа уг баяраа тэмдэглэжээ
Б.Спирсийн хувьд 2004 онд бүжигчин Кевин Федерлайнтай гэрлэж, 2 хүүтэй болсон билээ. 2007 онд Б.Спирс, К.Федерлайн хоёрыг салахад шүүхийн шийдвэрээр хүүхдүүд нь аавтайгаа үлдсэн юм. Уг үйл явдлаас жилийн дараа дуучин бүсгүй үсээ халзалж, папараци руу дайрч шуугиан тарьсан билээ. Үүнээс болж Б.Спирс олон жилийн турш буюу 2021 оныг хүртэл аавынхаа асран хамгаалалтад байсан ба хоёр хүүгээ насанд хүрэх хүртэл К.Федерлайнд хүүхдийн тэтгэмж төлж байжээ.
Эх сурвалж: bbc.com






