
Италийн Сицили арлын Нишеми хотод өнгөрсөн сарын сүүлээр орсон аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж, олон зуун байшин барилга уулын ирмэгээс унах аюулд оржээ.
Одоогийн байдлаар 25 мянга орчим хүн амтай тус хотын 1600 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа ба 880 байшин барилга хөрсний нуралтын улмаас уулын ирмэгээс унах эрсдэлд ороод байгаа аж. Тэдгээрийн 201 нь уулын ирмэгээс 50 м хүртэлх зайд, 240 нь 50-100 м, 439 нь 100-150 м зайд байрлаж байна.
Нишеми хотод байрлах 17-р зууны сүм, түүнчлэн 4000 гаруй түүхэн ховор ном хадгалагдаж буй номын сангийн барилга уулын ирмэг рүү унаж, устаж үгүй болох эрсдэлд оржээ.

Аюултай бүсэд байрлах байшин барилгуудад амьдарч байсан оршин суугчдын зарим нь ойр дотнынхон, найз нөхөд, хамаатнуудынх руугаа нүүж, зарим нь спорт заал, дэн буудалд байрлаж байгаа бол өндөр настнуудыг өндөр настнуудын асрамжийн газруудад байршуулжээ.


Өнгөрсөн сарын 25-нд уулын ирмэг дээр үүсэн 4 км урттай ангал өдөр ирэх тусам томорч байгаа аж.
Хөрсний нуралт үүссэн хэсэгт өмнө нь 1997 онд мөн адил хөрсний нуралт үүсэж байсан ба түүнээс хойш хотын удирдлагууд гамшгаас урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй Нишеми хотод ямар ч төлөвлөлт хяналтгүй олон барилга байгууламжийг барьсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж хотын оршин суугчид үзэж байгаа аж.


Нишеми хоттой зэргэлдээ байрлах Жела хотын прокурорын алба хэрэг явдлыг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: meduza.io






