
Монгол Улсын эдийн засаг, мөнгөн эргэлтийн хамгийн идэвхтэй оргил үе бол Шинэ жил болон Цагаан сарын баярын саруудад байдаг. Энэ нь зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд 12, 1, 2 дугаар сард худалдааны эргэлт нэмэгдэж, иргэдийн хэрэглээ өсдөг.
Эдийн засгийн шинжээчид 2025 оны төгсгөл суурьтай 2026 оны макро эдийн засгийг том зургаар нь төсөөлснөөс та бидний амьдралд дараах тоонууд ямар хамааралтай байхыг харуулъя:
Монголын эдийн засаг 2025 оны төгсгөлд огцом уналт ч үгүй, мэдэгдэхүйц сайжрал ч үгүй нэгэн төрлийн “өндөр түвшинд тогтсон” байдал руу орж байна. Үүнийг Монголбанкны 2025 оны IV улирлын шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл тод харуулж байна.
Инфляц: Өндөр хэвээр, гэхдээ цааш өсөхгүй.
- 2025 оны III улиралд Улаанбаатар хотын инфляц 9.9% хүрсэн нь өмнөх таамгаас өндөр гарсан үзүүлэлт байв. Харин шинжээчид инфляц цаашид бага зэрэг буурч,
- 2025 оны IV улиралд 9.5%,
- 2026 оны III улиралд 9.1% орчимд тогтворжино гэж үзжээ.
Энэ нь инфляц огцом хяналтаас гарахгүй, гэхдээ “хямдралын үе” ойрын хугацаанд ирэхгүй гэсэн дохио юм. Өөрөөр хэлбэл, өрхийн бодит худалдан авах чадвар мэдэгдэхүйц сайжрахгүй хэвээр л байна.
Эдийн засгийн өсөлт: Боломжийн, гэхдээ тэсрэлтгүй.
- 2025 оны III улиралд бодит ДНБ-ий өсөлт 5.9% байсан нь хүлээлтээс давсан ч шинжээчид цаашид өсөлт аажмаар саарна гэж харж байна.
- 2025 оны IV улирал: 5.6%
- 2026 оны III улирал: 5.3%
Энэ нь Монголын эдийн засаг агшиж унахгүй, гэхдээ өмнөх шиг огцом тэлэх шатандаа ч биш, эдийн засаг “алхсаар байгаа ч гүйхгүй” байна.
Бодлогын хүү: Буурна гэж найдсан ч болгоомжилсоор байна
Монголбанкны бодлогын хүүг:
- 2025 оны IV улиралд 11.9%
- 2026 оны III улиралд 11.3% гэж таамаглажээ.
Энэ нь бодлогын хүү огцом буурах орон зай хомс, инфляц өндөр хэвээр байгаа тул төв банк болгоомжтой байгааг харуулна. Тиймээс бизнес, иргэдийн хүлээж буй хямд санхүүжилтийн үе хойшлогдсоор байна.
Зээлийн хүү: Иргэдэд мэдрэгдэх хамгийн “хатуу бодит байдал”
Бодлогын хүү бага зэрэг буурсан ч иргэдийн зээлийн хүү бараг өөрчлөгдөхгүй гэсэн төсөөлөл давамгайлж байна.
- 2025 оны IV улиралд зээлийн жигнэсэн дундаж хүү: 17.3%
- 2026 онд ч мөн 17.2% орчим
Өөрөөр хэлбэл бодлогын хүү буурлаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн хүү өндөр хэвээр үлдэнэ. Энэ нь зээлд суурилсан хэрэглээ, бизнесийн тэлэлтийг хязгаарлах төлөвтэй байна.
Иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаа бүрэн хамаарч буй Монголын эдийн засгийг 2026 онд том зургаар нь харвал,
Инфляц: 9–10% өндөр, тогтвортой
Эдийн засгийн өсөлт: 5–6% дундаж
Бодлогын хүү: 11–12% болгоомжтой
Зээлийн хүү: 17% иргэдэд хүнд
Өөрөөр хэлбэл, эдийн засаг “муудаагүй ч амар биш” байна. Хэдийгээр тогтвортой мэт харагдавч, иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үнэтэй, элдэв төрлийн зээлийн дарамттай хэвээр байна.
Инфляц буурна гэсэн хүлээлт байгаа ч энэ нь мэдрэгдэхүйц хөнгөлөлт авчрах хэмжээнд хүрэхгүй. Харин зээлийн хүү өндөр хэвээр байх нь өрхийн санхүүд бодит дарамт үүсгэсээр байх нь тодорхой. Энэ бол “хямрал” биш, гэхдээ “таатай” эдийн засаг ч бас биш.






