
Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын үеэр тамирчдад гардуулсан медалийн оосор салж унасан хэд хэдэн тохиолдол гарчээ.
Уулын цанын эмэгтэйчүүдийн даунхилл төрөлд алтан медаль хүртсэн АНУ-ын тамирчин Бризи Жонсон шагнал гардуулах ёслолын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр медаль оосор хоёрын холбож буй хэсэг хугарч, медалийнх нь оосор салж унасан талаар дурдсан бол уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн Алиса Лю мөн адил асуудалтай тулгарснаа өөрийн нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.
Биатлоны тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн ХБНГУ-ын тамирчдыг ч уг асуудал тойроогүй байна. Олимпын медаль хүртсэн баяраа тэмдэглэж байх үеэр нэгнийх нь медаль мөн л оосроосоо салж унажээ.
Олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс уг асуудлыг шалгаж эхэлсэн ба тамирчдын хувьд Олимпын наадмаар медаль гардан авах нь спортын карьерынх нь хамгийн чухал мөчүүдийн нэг байдаг учир тамирчдад гардуулах медалиуддаа онцгой анхаарна гэжээ.
Медалийнх нь оосор салж унасан дээрх тамирчдын медалийг сольж өгөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Олимпын наадмын медальтай холбоотой асуудал өмнө нь нэг бус удаа гарч байсан билээ.
2025 оны 2-р сарын байдлаар Парис 2024 Зуны Олимпын наадмаар медаль хүртсэн тамирчдаас тус Олимпын наадмыг зохион байгуулсан комисст медалийг нь сольж өгөхийг хүссэн нийт 220 хүсэлт ирүүлсний дийлэнх нь медаль нь өнгөө алдаж, элэгдэж хуучирсан мэт болсон тухай мэдүүлсэн байжээ.






