
БНСУ-ын парламент өнгөрсөн 8-р сард хүүхдүүдэд ангидаа гар утас хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг баталсан нь ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Америкийн Pew Research Center-н судалгаагаар БНСУ-ын хүн амын 99 хувь нь интернэт сүлжээ идэвхтэй хэрэглэдэг, 98 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг гэж гарсан ба 2022, 2023 оны судалгаанд хамрагдсан 27 орноос хамгийн өндөр цахим хэрэглээтэй улсаар тодорчээ.
Сургуулийн анги танхимд гар утас ашиглахыг хориглох хуулийн төсөл БНСУ-ын Ардчилсан болон Ардын хүч намуудын дэмжлэгийг хүлээсэн ба тус хуулийн төслийг санаачилсан Ардын хүч намын хууль тогтоогч Чо Жүн Хүн, “Манай хүүхэд залуусын нийгмийн сүлжээний донтолт ноцтой түвшинд хүрсэн. Хүүхдүүд өглөө нүд нь улайчихсан босож байна. Учир нь тэд шөнийн 2, 3 хүртэл Instagram ухаж байна.” хэмээн онцолж байжээ.
БНСУ-ын Боловсролын яамнаас хийсэн судалгаагаар дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн 37 хувь нь нийгмийн сүлжээ өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлдөг, 22 хувь нь нийгмийн сүлжээндээ орж чадахгүй болохоороо сэтгэл нь түгшдэг хэмээн хариулжээ.
Тус улсад үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын багагүй хувь нь гар утсыг анги танхимд ашиглаж болохгүй гэсэн дотоод журмыг хэрэгжүүлдэг байсан бол ирэх сараас уг журам Өмнөд Солонгосын бүх сургуульд хэрэгжиж эхлэх аж.
Эх сурвалж: My News






