
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны Пунжаб мужийн Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрчээ.
20 орчим жилийн өмнө эрх баригчид олон зуун жилийн түүхтэй хаврын Басант баяр мөн тус баярын үеэр цаасан шувууд хийсгэдэг уламжлалыг цаасан шувуудын төмрөөр эсвэл шилээр бүрсэн хурц оосроос болж иргэд гэмтэж бэртсэн, цаашлаад амиа алдсан тохиолдлууд хүртэл гарсан учир хориглосон байжээ.
Цаасан шувууд хийсгэх уламжлалыг сэргээхийн тулд Лахор хотын удирдлагууд аюулгүй байдлын хатуу журам гаргасан ба уг журмыг зөрчиж, хүний амь насанд аюул учруулж болзошгүй оосор, утас ашигласан иргэдийг торгож эсвэл бүр хорих ялаар шийтгэнэ гэдгээ мэдэгджээ.
Мотоциклын жолоочид цаасан шувууны оосронд орооцолдож, осолд орохоос сэргийлэн мотоциклдоо өндөр антенна шиг төмөр суурилуулах ёстой болсон ба иргэдэд зөвхөн зөвшөөрөгдсөн газруудаас цаасан шувуудаа худалдан авахыг зөвлөжээ. Мөн цаасан шувууд хийсгэх үеэр авто замын хөдөлгөөнийг багасгаж, ослын эрсдлээс сэргийлэхийн тулд хотын удирдлагууд энэ сарын 7, 8-ны өдрийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлажээ.
Басант баярын нэр нь санскрит хэлний “васант” буюу хавар гэдэг үгнээс гаралтай бөгөөд уг баяр нь Лахор хотын соёлын салшгүй нэг хэсэг юм. Басант баярын үеэр лахорчууд гэр бүл, найз нөхдөөрөө дээвэр дээрээ цуглан, амттай хоол хувааж идэн, цаасан шувууд хийсгэдэг уламжлалтай аж.
Цаасан шувууд хийсгэх уламжлалыг сэргээсэнтэй холбоотойгоор цаасан шувуудын эрэлт огцом нэмэгдэж, зарим нь цаасан шувуудаа энгийн үеийнхээс 4 дахин өндөр үнээр худалдан авчээ. Түүнчлэн цаасан шувуу хийсгэхэд хамгийн гоё байршилтай байшингуудын дээврийн түрээс зарим газарт 2 сая рупи буюу 7000 ам.долларт хүрсэн байна.
Gulf News агентлагийн мэдээлснээр Басант баярыг дахин тэмдэглэж эхэлсэнтэй холбоотойгоор Лахорын оршин суугчид байшингуудынхаа дээврүүдийг өнгө өнгөөр чимэглэжээ. Цаасан шувуу урлаачдын бизнес сэргэж, хоол болон амттан, ундааны жижиг мухлагууд өдөр шөнөгүй завгүй ажиллаж, Лахор хотын гудамж талбай амь оржээ.
Эх сурвалж: DW






