
Өнгөрсөн баасан гарагт болсон Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны нэг хэсгийг зохион байгуулагчид өнгөрсөн 9-р сард өөд болсон Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Арманигийн дурсгалыг хүндэтгэхэд зориулжээ.
Сан Сиро цэнгэлдэхэд Итали улсын далбааг мандуулах хэсэгт цэнгэлдэхэд домогт Armani загварын өргөөний ногоон, цагаан, улаан өнгийн хослолыг өмссөн загвар өмсөгчид, тэдгээрийн араас Итали улсын далбааг барьж явах хүндтэй үүргийг хүлээсэн загвар өмсөгч Виттория Черетти алхан орж ирсэн юм.
2006 оны Турины Өвлийн Олимпын наадмын нээлтэд Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни мөн адил Итали улсын далбааг барьж явах хүндтэй үүрэг хүлээж байсан ба тэрээр тухайн үед Armani Privé брэндийн Swarowski шигтгээнүүдээр чимэглэсэн цайвар саарал өнгийн даашинз өмссөн байсан юм. Тэгвэл В.Черетти Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтэд мөн л Armani Privé брэндийн даашинзаар гоёсон байсан нь Карла Брунигийн өмсөж байсан даашинзыг санагдуулам төстэй байв.
Жүжигчин Леонардо Ди Каприогийн найз бүсгүй В.Черетти нь 1998 онд төржээ. Тэрээр 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн ба тэрээр загвар өмсөгчийн карьерынхаа туршид Alexander McQueen, Chanel, Fendi, Givenchy, Prada, Ralph Lauren, Versace, Valentino, Tiffany & Co., Proenza Schouler, Bulgari, Gucci зэрэг дэлхийд алдартай томоохон брэндүүдтэй ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
В.Черетти 2020 онд Италийн DJ Матео Миллеритэй гэрлэсэн ч 2022 оны сүүлээс эхлэн В.Черетти нийгмийн сүлжээндээ нөхрийнхөө зургийг нийтлэхээ больж, олон нийтийн дунд тэднийг салсан гэх цуурхал тарж эхэлжээ. 2023 оны зунаас В.Черетти жүжигчин Леонардо ди Каприотой үерхэж эхэлсэн юм.
Жүжигчин Леонардо Ди Каприо өмнөх найз бүсгүйчүүдээсээ 25 нас хүрэхээс нь өмнө салж байсан түүхтэй ч 27 настай В.Череттигээс одоог хүртэл салаагүй байгаа нь олон нийтийн сонирхлыг ихээр татаад байгаа билээ
Эх сурвалж: BAZAAR






