
Хуурамч хууль тогтоогчдыг
хуурамба гэж нэрлэвэл зохилтой
Б.Ринчен
Ичгүүргүй хууран мэхлэлт
УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн ахалсан ажлын хэсэг зунжин намаржин сүрдуулиан тарьж байгаад “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсан. Өргөн барьсан төсөл нийтэд ил болоход нэгэн хуудуутай зүйл илэрсэн нь тамхиимпортлогчид, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөлөлд эцэслэн танилцуулснаас огт өөр зүйл заалт “хулгайгаар” орсон байв.
Хуулийн төслийн танилцуулгад дэлхий нийтийн жишгийн дагуу тамхины байгалийнүнэр амтаас өөр аливаа нэмэлт бодис үнэр, амтыг хориглохоор тусгасан байсан. Гэтэл өргөн барихаар мэдэгдсэн даруйд ганц шөнийн дотор уг заалтыг “гаанаас өөр төрлийн үнэр амтыг хориглох” болгон өөрчилсөн байлаа. УИХ-ын үйл ажиллагаа, хууль санаачлах, боловсруулах, өргөн барих явц нээлттэй, ил тод, шударга байна гэсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөн энэ үйлдлийн цаана гаатай тамхи импортлогчдын нөлөө онцгой хүчтэй байсан бололтой. Ардчилсан намын бүлгийн хурал дээр үүнийг гишүүн Б.Пүрэвдорж “гаатай тамхины зах зээлд ноёрхож байгаа компаний илэрхий лобби оржээ” хэмээн дүгнэж, танилцуулга хийсэн О.Номинчимэг гишүүнд хатуу сануулга өгсөн байдаг.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Жаргалан, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, С.Эрдэнэболд, Ж.Золжаргал нарын 76 гишүүд дэмжиж, санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ийнхүү иргэдийг, импортлогчдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх аргаар өөрчлөлт оруулсан байгаа нь тэднийг хууль тогтоогчид юм уу, эсвэл хуурамбанууд юм уу хэмээн эргэлзэхэд хүргэж байна.
Монгол улсын тамхины хэрэглээний 36 хувийг гаатай тамхи эзэлдэг. Жил бүр 5 хувиар өсдөг. Эмэгтэйчүүд, хүүхдүүд гаатай тамхины амт, үнэрт татагддаг нь тогтоогдсон. Гэтэл тамхины хяналтын тухай хуулийн гол зорилт нь “өсвөр насныхан, хүүхдүүдийг тамхидалтаас сэргийлэх” гэж Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг удаа дараа хэвлэлээр мэдэгдэж байсан билээ. Эрхэм хууль тогтоогч хоёр нүүртэн үү, эсвэл гаатай тамхи импортлогчдын бяр чадал парламентаас хүчтэй байна уу.
“УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөсөн гишүүд бариа зөрүүн дээр тангарагаасаа няцаж байгаа шинж тэмдэг байна шүү. Үүнээс гадна ард түмний элчийн үүргээсээ татгалзах, эс үйлдэхүйн шинжтэй олон зөрчилтэй заалт хууль бий.
Хууль тогтоогч худал ярьж болох уу? Ард түмний саналыг авч, тэднийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа УИХ-ын гишүүнд нийгмийн зүгээс ёс зүйн нийтлэг зарчмуудыг дагаж мөрдөхийг тулгадаг, шаарддаг. Олныг төлөөлж байгаа хүн ёс зүйн хувьд юуны өмнө худал ярьдаг байж огт таарахгүй. Нэг амаараа бүх төрлийн үнэр амтыг хориглох заалт оруулсан гэснээ нөгөө амаараа гаанаас бусад үнэр амтыг хориглоно гэж ярих нь худалд эзлэгдсний шинж тэмдэг гэж үзнэ. Энд хуулийн нэг заалт зөв, буруу тухайд биш боловсруулж буй гишүүдийн итгэл даах чанарын асуудал чухлаар тавигдаж байна.
Хууль тогтоох ажиллагаа нь хууль санаачлах, боловсруулах, хэлэлцэх төдий зүйл биш. Энэ бол ард түмний итгэлийг даах тухай асуудал. Ард түмэн гишүүдэд итгээд, “биднийг төлөөлж шударга ажилла” гээд мандат олгочихсон байгаа. Олны олгосон мандатыг тэдний эрх ашгийн эсрэг ашиглах нь итгэл эвдэж байгаа үйлдэл мөн. Хууль хэлэлцэх, боловсруулах явцын нээлттэй, ил тод байдал алдагдаж, нэг шөнөноцтой өөрчлөлт орж байгаа бол иргэд “хууль гэдэг урьдчилсан тохиролцооны үр дүн ” гэж ойлгох, улмаар хардахад хүрэх нь дамжиггүй. Энэ нь парламентын эрх зүйн чадамжид ихээхэн эргэлзээ төрүүлж, итгэлийг хөсөрдүүлэх үйлдэл юм. Энэ бол ганц жижиг заалт өөрчилсөн тухай асуудал биш. Хууль тогтоох төрийн институцын нэр хүнд, легитим чанар, парламентын ёс зүй, цаашилбал эрх барьж байгаа намын хариуцлага, чадамжийн асуудал болон даамжрах урхагтай бусармаг үйлдэл юм.
Иргэншсэн улсад төрийн өндөр албан тушаалтан, хууль тогтоогчид өчүүхэн ч атугай худал ярьвал энэ нь асар том хариуцлагын асуудал болон хувирдаг. Энэ бол төрт ёсны дархлаа, парламент цэвэр оршихын үндсийн үндэс билээ.
А.Батболд. хуульч






