
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлээр тав буюу түүнээс дээш орон сууц авсан 12 мянган иргэн байгаа талаар X хаягаараа дамжуулан жиргэсэн байдаг. Тэгвэл энэ асуудлаар тайлбар өглөө.
-“2022 онд миний бие Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын засгийн газарт Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байсан. Тус хорооны даргаар ажиллаж байсан гол зорилго нь 2013 оноос эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо нь зөв байсан уу? Өнөөдрийн болтол хэдэн төгрөг зарсан бэ? Хэдэн хүн тухайн зээлээр байртай болсон бэ? Ипотекийн зээл очих ёстой эзэндээ очсон уу? гэх мэт асуудал дээр тодорхой хэмжээний судалгаа хийсэн юм.
2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлээр 140 мянган өрхийг орон сууцтай болгоход 10 их наядыг Улсын төсөв болон Монгол Банкнаас гаргасан байна. Урьдчилсан судалгаагаар анх удаа байр худалдан авсан 30 орчим мянган иргэн байна гэх судалгаа гарсан. Цаана нь үлдэж буй 110 мянган иргэн дахин орон сууц авсан, гэр хорооллоос байшин хороололд шилжээгүй, өөр байртай хүмүүс байна гэсэн үг.
Оны өмнө “Үл хөдлөх хөрөнгө”-ийн татвартай холбоотой асуудал дээр Сангийн яам гурав буюу түүнээс дээш орон сууцтай 12 мянган иргэн байна гэсэн тоог танилцуулсан. Энэ иргэд яг өөрийнхөө орлогоор авсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Намайг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад тав байтугай найман орон сууц ипотекийн зээл авчихсан хүн хүртэл байсан шүү дээ. Өнөөдөр ипотекийн зээл авахад урт дараалалтай байгаа шүү дээ. Очер урдуур авахад 10-20 сая төгрөгийн хахууль төлж байгаа шүү дээ. Би худлаа хэлэхгүй.






