
Жеффри Эпштейн гэж хэн бэ?
Жеффри Эпштейн нь 1953 онд АНУ-ын Нью Йорк хотод энгийн нэгэн гэр бүлд төржээ.
Багаасаа математикийн болон хөгжмийн авьяастай байсан тэрээр Нью Йоркийн алдартай Купер Юнион коллеж, Нью Йоркийн их сургуулийн дэргэдэх Математикийн ухааны Курантын нэрэмжит сургуульд сурч байсан ч алийг нь ч төгсөөгүй байна.
1974-1976 онд Ж.Эпштейн Нью Йоркийн Манхэттен дүүрэгт байрлах нэр хүндтэй нэгэн хувийн сургуульд математик болон физикийн багшаар ажиллаж, 1976 оны эхээр нэгэн арга хэмжээний үеэр хөрөнгө оруулалтын Bear Stearns банкны топ менежертэй танилцсанаар тус банканд ажилд оржээ. Тэрээр Bear Stearns банканд ажилд орохдоо өөрийгөө дээд боловсролтой гэж худал мэдүүлсэн байжээ.
Банканд ажиллаж байх хугацаандаа Ж.Эпштейн Уолл Стритын хамгийн баян чинээлэг, нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, 1982 он гэхэд J.Epstein and Co. компаниа байгуулжээ. Тухайн үед түүний компаниар үйлчлүүлэгчдийн хөрөнгө 1 тэрбум гаруй ам.доллартой тэнцэж байжээ.
Чинээлэг хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгч, татвараас зайлсхийхэд нь тусалж олсон мөнгөөрөө Ж.Эпштейн хөрөнгө оруулалт хийж, тансаг зэрэглэлийн байшин, эдлэн газар худалдан авч, танилуудынхаа хүрээг тэлж, 2010-аад оны сүүл гэхэд 600 сая орчим ам.долларын хөрөнгө хуримтлуулсан байв.
1998 онд Ж.Эпштейн Карибын тэнгист байрлах Литтл Сэнт Жеймс нэртэй арлыг худалдан авч, тэрхүү арал дээрээ томоохон хэмжээний үдэшлэгүүд тогтмол зохион байгуулж, нэр нөлөө бүхий хүмүүсийг тэдгээр үдэшлэгтээ урьдаг болжээ.
2005 онд Ж.Эпштейныг насанд хүрээгүй охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэж, шалгаж эхэлсэн ба 2008 онд тэрээр гэм буруугаа хүлээсэн ч өмгөөлөгчид нь прокурортой тохиролцоонд хүрснээр Ж.Эпштейн 18 сарын хорих ял авсан ч 13 сарын дараа суллагджээ.
2019 оны 7-р сард түүнийг хүний наймаа, насанд хүрээгүй охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргээр баривчилсан ч 2019 оны 8-р сард тэрээр Нью Йорк хотын цагдан хорих төвд хоригдож байхдаа нас барсан юм. Хууль сахиулагчдын албан ёсны мэдэгдлээр Ж.Эпштейн амиа егүүтгэн нас баржээ.

Ж.Эпштейны файлууд ямар учиртай вэ?
Ж.Эпштейны файлууд гэгдэж буй баримтууд нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос явуулсан мөрдөн шалгалтын явцад цугласан Ж.Эпштейн болон түүнтэй холбоотой хүмүүсийн тухай материалууд юм. Тэдгээр файлууд дотор Ж.Эпштейны тэмдэглэлийн дэвтэр, түүний бичсэн мэйлүүд болон мессенжерээр бичилцсэн мессежнүүд нь багтаж байгаа аж.
2019 онд Ж.Эпштейныг баригдсаны дараа хүмүүс Холбооны мөрдөх товчооны файлуудад алдартай улс төрчид, бизнесменүүд болон одуудын зүй бус, хууль бус үйлдлүүдийг илчилсэн баримтууд байгаа гэж таамаглаж байсан юм. Зарим нь тэдгээр файлуудад Ж.Эпштейны хохирогчид болох насанд хүрээгүй охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсон алдартай хүмүүсийн нэрсийн жагсаалт ч байгаа гэж таамаглаж байв.
Ж.Эпштейны файлуудыг ил болгож, хууль бус, гэмт үйлдэлд холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан олон нийтийн кампанит ажил эрчимтэй өрнөж эхэлсэн ч АНУ-ын Хууль зүйн яам тэдгээр файлууд нь дангаараа ямар ч баримт нотолгоо болохгүй, ил болговол ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн тэдгээр файлуудыг ил болгохоос зайлсхийсээр байсан юм.
2025 оны 12-р сард АНУ-ын Конгресс АНУ-ын Хууль зүйн яаманд Ж.Эпштейны файлуудыг ил болгохыг үүрэг болгосон тусгай хуулийн төсөл баталснаар Хууль зүйн яам өнөөдрийн байдлаар 3.5 сая орчим хуудас файлыг ил болгоод байна. Түүнээс гадна Хууль зүйн яамныхан 3 орчим сая хуудас файлуудыг ил болгоогүй байгаагийн дотор насанд хүрээгүй охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй гэрэл зургууд багтжээ. Үүгээрээ Хууль зүйн яам хохирогчдыг хамгаалахыг зорьж байгаа аж.






