
Microsoft компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Билл Гейтс Австралийн 9News сувагт өгсөн ярилцлагадаа Жеффри Эпштейныг таньж мэддэг байсандаа харамсаж буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 7 хоногт Ж.Эпштейнтэй холбоотой 3 сая орчим файлыг ил болгосон ба тэдгээр файлууд дотор Билл Гейтсийн нэр нэг бус удаа дурдагджээ. Ж.Эпштейны бичсэн мэйлүүд дотор Билл Гейтс түүний тусламжтай охид бүсгүйчүүдтэй уулздаг байсан, тэдгээр эмэгтэйчүүдийнхээ нэгнээс бэлгийн замын халдварт өвчин авсан тухай өгүүлсэн баримтууд байгаа нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Билл Гейтсийн экс гэргий Мелинда Фрэнч Гейтс “Wild Card With Rachel Martin” подкастад оролцох үеэрээ Ж.Эпштейны файлууд ил болсноор түүний Билл Гейтстэй амьдарч байх үеийнх нь хамгийн хүнд хэцүү дурсамжууд дахин сэргэсэн болохыг дурдаж, дээрх бүх хэрэг явдалд холбоотой хүмүүс тэр дундаа экс нөхөр нь хариуцлага хүлээж, асуугдах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Билл, Мелинда хоёр 27 жил хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон ба 2021 онд хоёр тийш болсон юм. 70 настай Б.Гейтс 2011 онд Ж.Эпштейнтэй танилцаж, түүнийг Gates Foundation-д хөрөнгө оруулах боломжтой хүн гэж үзэн хэд хэдэн удаа хамт оройн зоог барьж байсан тухайгаа дурдаж, мөн хэзээ ч Ж.Эпштейны арал дээр очиж байгаагүй, охид бүсгүйчүүдтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож байгаагүй хэмээн мэдэгджээ. Тэрээр, “Ж.Эпштейнтэй уулзаж, цагийг өнгөрүүлсэн нь тэнэг явдал байсан. Би түүнийг таньж мэддэг болсондоо харамсаж буй олон хүний нэг юм.” хэмээн ярьжээ. Түүний ярьснаар Ж.Эпштейны файлууд дотор байгаа түүний нэр дурдагдсан мэйлүүд нь Ж.Эпштейны Б.Гейтсийг айлган сүрдүүлэх зорилгоор өөрийнх нь зохион бичиж найруулсан мэйлүүд аж






