
УИХ-ын дарга Н.Учрал ипотекийн зээлийн асуудлыг хөндөж, танил талаа ашиглаж буюу арын хаалгаар олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно гэж мэдэгдээд буй. Харин өчигдөр /2026.02.04/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан X хаягтаа “Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц худалдан авсан 12 мянган иргэн байна” хэмээн мэдэгдсэн нь олон хүний уурыг хүргэв. Учир нь иргэн ипотекийн зээлд үндсэн зээлдэгчээр нэг, хамтран зээлдэгчээр нэг л удаа хамрагдах эрхтэй. Ипотекийн зээлд хамрагдан байртай болохыг хүссэн олон мянган залуус банкны оочерт 2-3 жил “зогсож” байхад 12 мянган иргэн таваас дээш орон сууц авсан байна гэдэг юу гэсэн үг вэ? Боломжтой гэж үү? Банканд танил талтай л бол болдог хэрэг үү?
Л.Энх-Амгалан гишүүний мэдэгдэл хэрэв үнэн бол баримт гаргаж ирэхийг шаардаж байна. Түүний гаргаж тавьсан энэ мэдээлэл холбоотойгоор хэн, хэн юу ярив?
Монголын мянга мянган залуусын боломжийг хулгайлсан хулгай бол орон сууцны ипотекийн хулгай юм байна.
Ипотекийн зээл нь байрны ченжийн тэтгэмж болчихсон байж…
Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянган иргэн байна гэнэ. Угаасаа үнэн байх. Зарим хүмүүс 20,30 байртай түрээслээд мөнгө хураагч хийж амьдардаг болсон. Гурваас дээш орон сууцтай иргэдийн татварыг 300% нэмэх хэрэгтэй. Тэгвэл олон байр аваад мөнгө хүүлэгч хийх, мөнгө угаах мэтийн хэрэг алга болно. Гэр хорооллын иргэд залуу гэр бүлүүд ч ипотекийн зээл авах боломжтой болно. Дамын наймаачид нь алга болох тул байрны үнэ буурна гээд л эерэг нөлөө их гарна шүү.
Бусдын боломжийг хулгайлж, бүр таваас дээш удаа ипотекийн зээлд хамрагдсан 12 мянган иргэний мэдээллийг ил болгож, хариуцлага хүлээлгэх ёстой. Үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл ажиллаж байгаа хэр нь ипотекийн зээлийн оочер, шалгаруулалтад багтаж чадахгүй хэдэн зуун мянган иргэн энэ улсад байна. Тэдний нэг нь би. Гэтэл урдуур 12 мянган иргэн таваас дээш удаа ипотекийн зээл авч, орон сууцыг хөрөнгө оруулалт, ашиг олох хэрэгсэл болгож, түрээслүүлж, бусдын боломжийг хулгайлсан байна.
Ипотекийн зээл бол анх удаа орон сууцтай болох иргэдэд зориулагдсан бодлого.
Харин бодит байдал дээр шударга хөдөлмөрлөж яваа иргэдийн боломжийг булааж, цөөнхийн ашиг сонирхолд үйлчилж байна.
Хуульч Батхүү
Ипотекийн зээлийг ухвал нэлээн юм гарна.
Өнөөдөр Энх-Амгалан гишүүн ипотекийн зээлээр таваас дээш байр авсан 12,000 хүн байгаа талаар мэдээлэл цацсан. Сайд хийж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг таван байранд дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.
Энийг анх 2013 онд залуусыг байр орон сууцтай болгох гэж гаргасан онцгой нөхцөлтэй, тусгай зориулалтын зээл.
Нийт санхүүжилтийн 40 билүү 60 хувийг төрийн мөнгөөр, үлдэх хэсгийг нь банкны санхүүжилтээр хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн бага хүүтэй мөнгө дээр банкны өндөр хүүтэй мөнгийг холиод, дундаж хүү нь буурдаг. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулж 6, 8 хувиар өгдөг гэсэн үг.
Эхэндээ олдоц гайгүй байсан ч сүүлдээ олдохоо байсан. Даргаар яриулдаг, банкны захирлаас гуйдаг. Хамгийн ноцтой нь банкнууд хэдхэн компанийн байранд ипотек гаргана гэж шахдаг болсон. Тэр байр нь мангар үнэтэй. Энд компанийн нэрийг хэлээд яах вэ.
Одоо таван байртай хүмүүсийн дөрвөн байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Үүнээс суларч байгаа 12,000х4 буюу нийт 48,000 хүнд олгох зээлийг зорилтод бүлэг буюу залууст өгөх ёстой юм.
Ингэж байж утаа буурна, амьдрах орчин сайжирна. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шударга зүйл биш.






