| “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” (ОТХС)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 14 км хатуу хучилттай зам тавигдсанаар Ханбогд сум нийт 25 км хатуу хучилттай замтай болж, улсдаа хамгийн урт автозамтай сум болов.
Орон нутагт жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна
2025 онд ОТХС‑ийн Бизнес хөгжлийн баг Ханбогд суманд орон нутгийн бизнес, ажлын байр, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, бодит үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Жижиг, дунд бизнесийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хүрээнд 35 аж ахуйн нэгжид нийт 2.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 16 ажлын байр шинээр бий болголоо.
Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн II үе шат үргэлжилж, 9 өрөөтэй зочид буудлын барилгын гүйцэтгэл сүүлийн шатандаа хүрч, угаалгын үйлчилгээний байгууламж ашиглалтад орлоо. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай (ЕСБХБ) хамтран санхүүжүүлсэн жижиг, дунд үйлдвэрийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 25 аж ахуйн нэгжийг гурван сарын хугацаанд менторшип болон аялал жуулчлалд чиглэсэн эрчимжүүлсэн сургалтад хамрууллаа. Үүний зэрэгцээ хувийн орон сууцны туршилтын төсөл, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан олон санаачилгууд хэрэгжүүлж, нэмэлт санхүүжилт татан, Ханбогд сумын тогтвортой хөгжилд олон талын оролцоог хангаж, бодит хувь нэмрээ орууллаа.
Ханбогд суманд ус, дулаан дамжуулах нэгдсэн систем барьж байна
Мөн “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Ханбогд суманд ус, дулаан дамжуулах тавдугаар төв байгуулах” төслийн шав тавих ёслолыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд Ханбогд сумын Баян хөөвөр, Галба хороололд ус, дулаан дамжуулах нэгдсэн системийн барилга угсралт, нэг, хоёрдугаар хэлхээний дулаан, хэрэглээний халуун усны гол болон салбар шугам угсрах ажлууд хийгдэх юм.

“Оюу толгой” компанийн 2025 оны зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтны үйлдвэрлэл 121% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.
Энэ нь гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн Тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэрэг томоохон дэд бүтцүүд ашиглалтад орж, ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой. Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, 12 дугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн өндөр гүйцэтгэлтэй байлаа.
Мөн өнгөрөгч онд олон улсын зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй байлаа.
Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.22 байснаар уг үзүүлэлтийг 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо биелүүллээ. |