
“Өрөг ярилцлага” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан, Ардчилсан намын дарга асан Лувсаннямын Гантөмөр оролцлоо.
Монгол Улсын эрчим хүчний бодлого, Хамтарсан Засгийн газар болон АН засгийн газраас гарсан тухай, улс төрийн хариуцлага, Үндсэн хуулийн гажуудал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр эндээс үзээрэй.
– Сүүлийн үед тог цахилгаан тасрах асуудал нийслэлд төдийгүй орон нутагт ч ихсэж байна. Та үүнийг хувь хүнийхээ хувьд хэрхэн мэдэрч байна вэ?
– Би тоггүй орчинд өссөн хүн. Хөдөө амьдарч байхдаа лааны гэрэлд хичээлээ хийж, цахилгаан гэдэг зүйлийг ховор хэрэглэдэг байлаа. Гэхдээ өнөөдөр XXI зуунд, нийслэл хотод амьдарч буй иргэд тог тасрах вий гэж айж амьдарна гэдэг байж боломгүй асуудал.
Манай байрны хувьд халаалт нь цахилгаан дэмжлэгтэй. Тог тасраад хоёр цаг болоход л доторх температур огцом буурч, амьдрах орчин эрс хүндэрдэг. Энэ бол ганц айлын асуудал биш, хотын хэмжээнд, улмаар улсын аюулгүй байдалтай холбоотой сэдэв.
– Эрчим хүчний хямралын бурууг аль нэг улс төрийн намд тохох нь шударга уу?
– Аль нэг намын буруу гэж харвал дэндүү өнгөц дүгнэлт болно. Энэ бол олон жилийн хуримтлагдсан бодлогын алдаа. Эрэлт өсөж байхад нийлүүлэлтээ нэмэх шийдвэрийг бид цаг тухайд нь гаргаж чадсангүй.
Тавантолгойн цахилгаан станцын тухай 20 гаруй жил ярьж байна. Дулааны станц, сэргээгдэх эрчим хүч, бүсчилсэн сүлжээ гээд олон гарц байсан ч улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр гаргах чадваргүй байдал саад болсон. Энэ бол нийт улс төрийн системийн хариуцлага.
Тэгэхээр бидний бүгдийн л буруу. Ер нь улс орны хөгжлийн платформыг ингээд ганхуулаад байгаа нь үнэхээр баялаг бүтээгчдээ дэмжих улс байх юм уу эсвэл дарга нарыг дагадаг улс байх юм уу гэдэг сонголтоо Үндсэн хуулиараа хийчихсэн. Гэтэл Үндсэн хуульдаа захирагдахгүй, сонгуулийнхаа хөтөлбөрт баригддаг, намынхаа үзэл санаанд баригдаж байгаа нэртэй МАН “бид зүүний нам социал демократ үзэл хэрэгжүүлнэ. Тийм учраас эрчим хүч болоод бусад зүйл бүгд төрийн мэдэлд байна” гэдэг. Тэгээд төрийн мэдэлд байгаад л өнөөдөр ийм байдалтай байна.
– Та Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Таны эрхлэх ажлын хүрээнд том төслүүд хамаарч байсан. Ажиллаж байх хугацаандаа х хугацаандаа хийчихье гээд явуулчихаж болоогүй юу?
– Хамтарсан Засгийн газарт орохдоо би нэг л үндсэн нөхцөл тавьсан. Тэр нь томоохон, эдийн засгийг өөрчлөх төслүүдийг бодитоор хөдөлгөх явдал байсан.
Албан тушаалын тохироо, улс төрийн гоёл чимэглэлд оролцох сонирхол байгаагүй. Монгол Улс эдийн засгийн хувьд урагшлахгүй бол намуудын маргаан утгагүй гэж үздэг.
– Тэр зорилгын хүрээнд бодитоор ямар ажлууд урагшилсан бэ?
– Нэлээд тодорхой ажлууд бий.
Нэгдүгээрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг бүрэн шийдсэн. Энэ бол баруун бүсийн эрчим хүчний хараат байдлыг арилгах стратегийн төсөл.
Хоёрдугаарт, хил холболтын дэд бүтцийн асуудлыг БНХАУ-тай олон удаагийн хэлэлцээрээр шийдвэрлэсэн. Хил дээр гацдаг, төслүүд зогсдог байдал бодитоор багассан.
Гуравдугаарт, уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гацааг тайлж, гадаад, дотоодын итгэлийг сэргээхэд анхаарсан.
Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг бууруулах зорилгоор 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн боломжийг нээсэн. Энэ бол иргэдэд шууд үр ашигтай, амьдралын чанарт нөлөөлөх шийдэл.
Ер нь Улаанбаатар хотын утааны асуудлыг яриад хэдэн их наядаар нь үргүй зарчихсан. Тэгээд шийдлийг нь бид нар шуурхай комисс байгуулаад 7 хоногийн хагас сайн өдөр болгон хуралдсан. Тэр үед миний гаргасан шийдэл бол энэ хөх нүүрс гэдэг зүйл байна. Энэ бол кокс химийн үйлдвэрээс гарч ирж байгаа хамгийн эхний бүтээгдэхүүн. Тийм учраас бид нар Багануур дээр түшиглэсэн кокс химийн үйлдвэрийг байгуулах нь зөв гэдэг саналыг гаргаад тэгээд УИХ, Засгийн газраараа батлуулсан. Өдийд орох төлөвлөгөөтэй үйлдвэр маань өнөөдөр хүртэл тэрийгээ хөдөлгөхгүй нөгөө л нэг баахан импортоор түлш оруулж ирж байгаа шүү дээ.
Ашиг сонирхол шингээхгүйгээр хувь хүмүүсийн болоод бусад бүлэглэлийн ашиг сонирхол шингээхгүйгээр энэ 14 мега төсөл хөдөлчих юм бол Монголын эдийн засгийн суурь нүүрснээсээ шууд хамааралтай гэхээс илүү гал алдсан үед өөрөө өөрийгөө аваад явах. 5 мега төслийн санхүүжилт болон бусад зүйлийг шийдсэн байсан.

– Гэсэн ч Хамтарсан Засгийн газар Ардчилсан намын рейтингэд сөргөөр нөлөөлсөн гэх яриа байдаг?
– Энэ бол баримтад суурьлаагүй дүгнэлт. Судалгаанууд харин эсрэгээрээ гарсан. Хамтарсан Засгийн газрыг иргэдийн 60 орчим хувь дэмжиж байсан.
АН-ын рейтинг унасан учраас биднийг гаргасан гэхээсээ илүү, АН бодит ажил хийж эхэлсэн нь тодорхой бүлэгт таалагдаагүй гэж би хардаг. Улс төрд ажлын үр дүнгээс илүү эрх ашиг чухалд тооцогддог тохиолдол цөөнгүй.
Л.Оюун-Эрдэнээс санал ирсэн. Бид 8 жил дангаараа явлаа, асуудал үнэхээр шийдэгдэхгүй байна. Асуудал шийдэгдэхийн тулд хэдүүлээ одоо хамтраад цаашаа явах боломжийг ярилцъя аа гэдэг. Ийм санал дотор нэг чухал асуудал хөндсөн. Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн философиор явчихъя аа, танай ардчиллын, танай байтугай энэ Монголын ардчиллын том лидерээр хэдүүлээ овоглоод явъя гэсэн.
Та бүхэн орж үзээгүй л байх. Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд орохоор С.Зоригийн зургийг тавьчихсан. П.Очирбат гуайн зургийг тавьчихаад надтай яриад байсан. Тэгэхээр би чинь ардчиллын төлөөх үнэт зүйлийг арай гэж эмхэлж байгаа хүн шүү дээ. Нэг сонгуульдаа ялагдчихсан, мэдээж энэ эмхэлсэн зүйл маань ингээд тараад бутарчих вий гэдэг болгоомжлол байсан.
Хоёрдугаарт үнэхээр С.Зоригийн үзэл санаан дээр явах юм бол хамтаръя, хамтрахын тулд яах юм. Хамтраад хийх ажил бол эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг юм чинь л одоо хамгийн хүнд байна. Нефтиэс эхлээд, тээврийн асуудал, түүхий эдийн үнэ унаад эхэлчихсэн, нүүрсний үнэ нь унаад эхэлчихсэн үе шүү дээ. Үүнээс болоод баахан цоорхой үүснэ. Энийг юугаар нөхөх юм. Зэс өсөх нь тодорхой байна. Алт өсөх юм байна. За тэгвэл энэ 2 дээрээ арай илүү түлхүү бодлого барих юм.
Тэгээд миний дэвшүүлсэн санал бол томоохон бүтээн байгуулалтын ард л гаръя. Юу ч хийгээгүйгээр хамтраад ямар ч хэрэггүй. Н.Алтанхуяг, С.Баяр 2 хамтрахдаа Оюутолгойн төслийг хийж байсан шиг чи бид нар хамтрахдаа дээр нь одоо манай Т.Доржханд ороод ирнэ. Ингээд гурвуулаа хамтрах юм болбол ерөөсөө монголчуудын шийдэж чадаагүй зүйлийг л шийдье. Улс төржөөд хэрэлдээд, нэгнийгээ хардаад, тэгээд тэндээс хулгай зэлгий хийж байна гэдэг ийм байдлаар шийдэж чадахгүй л явдаг шүү дээ. Тэгээд ер нь энэ зүйлсийг шийдье ээ гэж гаргасан учраас би хийсэн л гэж байгаа юм.
– Тэгэхээр танай намыг Засгийн газраас зориуд шахан гаргасан гэж үзэж байна уу?
– Тийм. АН-ыг дийлэхээ болилоо гэж үзсэн учраас л гаргасан. Хэрэв жинхэнэ утгаараа хамтран улс орны асуудлыг шийдэх зорилготой байсан бол АН-ыг гаргах шалтгаан байгаагүй.
Үндсэндээ бол АН-ын рейтинг ингээд өсөөд ажил хийдэг юм байна. Ц.Туваан ажил хийгээд байна. Нөгөө А.Алтангэрэл ажил хийгээд байна. Эдийн засгийн том төслүүд явахаар аандаа Л.Гантөмөр хийчихсэн ажлаа би хийсэн гээд бүгд булаацалдаг аа гэж, тэгэхэд би хэлнэ шүү дээ. Монголчууд хэзээ ч шийдэж чадахгүй 4-5 асуудлыг чинь шийдчихлээ гээд. Хоёр дахь нь бол мэдээж хэрэг институц хоорондын асуудлууд байсан байх.
Гурав дахь нь бол тухайн үеийн шалтаг шалтгаанууд, бид нар бүгдээрээ мэдэж байгаа гэх мэтчилэн ер нь бол АН-ын рейтинг тэрнээс хойш тасралтгүй өсөөд л байгаа. Би 9 сард намын даргаа өгсөн, би өөрийнхөө саналаар намыг хуралдуулж намын даргаа өгсөн.
– Та өнөөгийн улс төрд хариуцлага алдагдсан гэж шүүмжилдэг. Үүний гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
– Үндсэн хуулийн суурь зарчим гажуудсантай холбоотой. Сонгуульд ялсан нам нь хариуцлага хүлээж, намын дарга нь Засгийн газраа удирдах ёстой. Гэтэл өнөөдөр хэн ч бодит хариуцлага хүлээхгүй тогтолцоо бий болсон.
Ерөнхий сайд нь намын дарга биш, УИХ-ын дарга нь гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдаж байна. Энэ бол институц хоорондын зааг алдагдсаны тод жишээ.
Одоо Г.Занданшатартай хариуцлага тооцоод ч яах юм. Тэр чинь намын дарга биш, хэн ч биш, УИХ-ын гишүүн ч биш. Одоо ер нь Монголын төрд хариуцлага тооцох хүн байгаа юм уу. Одоо энэ Үндсэн хуулиараа байгаа юм уу. Тэгээд нөгөө ялсан намын дарга нь УИХ-ын дарга болоод ингээд би улс төрд оролцохгүй гээд суучихсан.
Би хурал даргална аа. Ингэхээр л одоо бид нар ямар ч хүнээс хариуцлага нэхээд утга учиргүй болж эхэлж байгаа байхгүй юу.
Намын дарга биш, УИХ-ын гишүүн биш, ямар ч хариуцлага хүлээх хүн биш шүү дээ. Тэр бол Ардын намын л нэг томилсон Ардын намын л одоо юу юм мэдэхгүй. Бид нар бол улс төрийн намтай л ярих ёстой шүү дээ. Одоо эд нарын нэг заль мэх гэх юм уу одоо нэг хачин юм нь сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан 2 шиг гайхамшигтай хүн байхгүй ээ гээд л тэр 2 дээр ёстой бүх л мөнгө санхүүгээ босгоод л чухам тэр 2-оор рекламдсаар байгаад ялчихаад л жилийн дараа энэ 2 шиг муу хүн байхгүй ээ гээд л өшиглөж явуулаад л одоо нүүрээ угаачихсан. 2028 онд очихдоо чухам одоо Н.Учрал л хийх юм байна гэж орох гээд байгаа байхгүй юу энэ чинь.
Одоо энэ ард түмний өмнө чинь энэ үндсэн хуулийн дагуу намын дарга нь засгаа толгойлоод тэрэнтэй нь сөрөг хүчин хариуцлага яриад ингэнэ биз дээ. Бид нар ер нь Г.Занданшатартай юу ярих юм.


– Шинэ Ерөнхий сайд томилогдсон нөхцөлд Ардчилсан нам ямар байр суурь баримтлах вэ?
– Эсэргүүцэх эсэх нь хоёрдогч асуудал. Хамгийн гол нь хариуцлага тооцож чадах эсэх. Сөрөг хүчний үндсэн үүрэг бол Засгийн газрыг хяналттай, хариуцлагатай байлгах. Энэ байр сууриа АН хэзээ ч орхихгүй.
– Та намын даргын албан тушаалаа өгсөндөө харамсдаг уу?
– Огт харамсдаггүй. Миний зорилго тодорхой байсан. АН-ыг дотооддоо нэгдмэл, гаднаа хүчтэй болгох. Өнөөдөр АН 42 суудалтай, парламент дахь бодит сөрөг хүчин болсон. Энэ зорилго биелсэн гэж үздэг.
– Цаашид Монголын улс төрийн системд ямар өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй вэ?
– Намууд амлалт өгч сонгуульд ордог бол тэр амлалтаа биелүүлэх хатуу хариуцлагын механизм хэрэгтэй. Амлалтаа биелүүлээгүй бол дахин сонгууль явуулдаг, эсвэл улс төрийн бодит хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо байх ёстой.
Ингэж байж л Монгол Улс жинхэнэ утгаараа ардчилсан, хариуцлагатай улс болно.






