
Парис хотын прокурорын газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба X нийгмийн сүлжээний байранд нэгжлэг хийжээ. Тус нэгжлэгийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2025 оны 2-р сарын эхээр эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийсэн аж.
2025 оны 1-р сард Парис хотын прокурорын газарт Францын парламентын гишүүн Эрик Боторелиас X нийгмийн сүлжээний алгоритм хэтэрхий нэг талыг барьсан, Илон Маск X нийгмийн сүлжээг худалдаж авснаасаа хойш X нийгмийн сүлжээний менежментэд ил тод нөлөө үзүүлж байгаа тухай гомдол мэдүүлжээ. Түүний хэлснээр X нийгмийн сүлжээ хэрэглэгчдэдээ аюулгүй, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлж өгч чадахгүй болсон аж.
Түүнээс гадна Францын төрийн нэгэн байгууллагын цахим аюулгүй байдлын хэлтсийн дарга X нийгмийн сүлжээний алгоритм ноцтой байдлаар өөрчлөгдөж, ЛГБТ+ нийгэмлэгийг чиглэсэн улс төрийн дайсагнасан, ялгаварласан контентыг санал болгодог болсон тухай гомдол мэдүүлсэн аж.
2025 оны 2-р сард Парисын прокурорын газар эдгээр гомдлуудыг авч үзэн, X нийгмийн сүлжээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлжээ.
2026 он гарснаас хойш Европын холбооны зөвлөл Илон Маскийн xAI компанийн Grok хиймэл оюун ухаан бүхий чатбот нь бодит хүмүүсийн гэрэл зургийг ашиглан +18 гэрэл зураг, видео бичлэг боловсруулж байна гэсэн гомдлоор Grok чатботыг шалгаж эхэлсэн юм.
Өмнө нь Европын холбооны зөвлөл X нийгмийн сүлжээг Европын холбооны Цахим үйлчилгээний хуулийг зөрчсөн хэргээр 120 сая еврогоор торгосон билээ. Үүний хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Европын холбоог Америкийн компаниудад дарамт шахалт үзүүлж байна хэмээн буруутгасан билээ.
Эх сурвалж: Reuters






