
Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаарын ерөнхий төлөв ямар байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн Цаг уурч Б.Жаргалангаас тодрууллаа.

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтчний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч нэгдүгээр арав хоногийн /2026.02.01-02.10/ сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа ба хоёрдугаар арав хоногийн /2023.02.11-02.20/ эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас мөн Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД-аас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар ара хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.






