
Тайванийн жүжигчин Барби Сюйн нас барсны нэг жилийн ойд зориулж түүний нөхөр DJ Koo эхнэрийнхээ шарил дээр хөшөө босгожээ. Цээжин дээрээ хоёр гараа тавин зогсох охиныг дүрсэлсэн уг хөшөөний загварыг Dj Koo гаргаж, урлан бүтээх ажилд нь ч гар бие оролцжээ.
Уг хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Dj Кү Жүн Юп ( Dj Koo), Барби Сюйн ээж болон дүү, бусад гэр бүлийн гишүүд, Clon хамтлагийн гишүүн Кан Вон Рэ дуучин Чэ Сивон, F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Вик Чоу нар оролцжээ.

Монголчуудын дунд “Солирын од” олон ангит киноны Санцайн дүрээрээ алдаршсан Барби Сюй өнгөрсөн онд уушгины хатгалгааны хүндрэлийн улмаас 48 насандаа таалал төгссөн билээ. Нас барсных нь дараа түүний нөхөр Dj Koo өөрийн уран бүтээлтэй холбоотой бүх ажлаа зогсоож, цас бороо, нар салхийг үл харгалзан өдөр бүр эхнэрийнхээ булшийг эргэж, цэвэрлэж, сүүлийн нэг жилийн хугацаанд 10 гаруй килограмм хассан нь гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоосоор байгаа билээ.






