
Сүүлийн өдрүүдэд бид хоорондоо, цахим орчинд ч “НӨАТ орсон уу?” гэх асуултаар мэнд мэдэх шахуу болжээ.
Учир нь өнгөрөгч 2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орох хугацаа хэдийнэ өнгөрчихсөн учраас тэр юм.
Нэг санаа зоволт байна. Монгол Улс, Улсын төсөв хоосорсон юм биш байгаа…
Ингэж бодохын учир шинэ оны гарахаас өмнөхөн буюу өнгөрсөн 12 дугаар сарын 25-д Төрийн сан хаагдсан. Ингэхдээ төсвөөс санхүүждэг бүх байгууллагын данс руу Төрийн сангаас гүйлгээ хийхийг зогсоосон гэсэн үг. Түүнээс хойш сар орчмын дараа энэ сан нээгддэг бөгөөд тэр хүртэл төсвийн байгууллагуудад төрийн сангаас орлого орж ирдэггүй.
- Нийслэлийн №… цэцэрлэгийн багш Х.Ө-ийн хэлж буйгаар тэдний цэцэрлэгийн 50 орчим ажилтан нэгдүгээр сарын урьдчилгаа цалин гэж 250,000 төгрөг л авсан байна. Түүнээс хойш өнгөрөгч баасан гараг хүртэл нэг ч төгрөгийн цалин аваагүй бөгөөд баасан гарагт төсвөөс өгсөн цалингийн зардлаа хувааж, урамшуулал, нэмэгдэлгүй үндсэн цалингаа арай чамай авцгаасан байна.
- Өндөр настан А.Д нь тэтгэврийн зээл авч 2025 онд хүүгийнхээ байрны урьдчилгаанд 5 сая төгрөг нэмэрлэсэн. Тэрээр тэтгэврийн зээлээ төлсөөр нэгдүгээр сард нэмэгдсэн тэтгэврээ авч, зээлээ хааж дуусгажээ. Гэхдээ тэрбээр энэ 7 хоногт дахин тэтгэврийн зээлээ 1 жилээр нь авч сар шинээ тэмдэглэн, ирсэн хүүхдүүдийнхээ гарыг цайлгах бэлэг сэлтээ авна гэлээ.
- Хувийн хэвшлийн ажилтан Ч.Т 24/48 цагаар ажилладаг. 09 дүгээр сараас хойш тэрбээр амрах хугацаандаа таксинд явж, сардаа авдаг 1,5 сая төгрөгийн цалингаасаа гадуур өдөр тутмын хоолоо залгуулахгүй бол тэднийх ипотекийн зээлэндээ 400,000, автомашины зээлэндээ 1 сая төгрөг буюу сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний өр төлдөг.
Энэ бол дээрх хүмүүсийн зүгээр нэг түүх биш та бидний амьдралын бодит үнэн.
Иймээс л бид нийгмээрээ хүүхдийн мөнгө, НӨАТ-ын мөнгө, халамж, тэтгэмжийн мөнгө цагтаа орохгүй байгаад бухимдах шалтгаан болж байна.
Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралд “мөнгө хүрэхгүй байна” гэсэн мэдрэмж улам их болсон. Үүний цаана инфляц, ханшийн уналт, зээлийн өндөр хүүгээс гадна өдөр тутмын хэрэглээндээ төлдөг НӨАТ ч багагүй нөлөөлж байна.
Монгол Улсад Нэмэгдсэн өртгийн албан татварыг 1998 онд нэвтрүүлсэн. Харин хамгийн сүүлд 2015 онд хуулийг шинэчилснээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эдийн засгийн орчин огт өөр болсон.
Өнөөдөр иргэд НӨАТ-д хэр их мөнгө төлж байна вэ?
Монгол Улсад НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь.
Өөрөөр хэлбэл:
100,000 төгрөгийн худалдан авалт хийхэд 9,091 төгрөг нь НӨАТ, сард дунджаар 1 сая төгрөг зарцуулдаг өрх жилд ойролцоогоор 1.1 сая төгрөгийг НӨАТ-д төлж байна. Ялангуяа бага, дунд орлоготой өрхүүд орлогынхоо ихэнхийг хүнс, түлш, хэрэглээнд зарцуулдаг тул НӨАТ-ын дарамт шууд мэдрэгддэг.
2015 оноос хойш,
- цар тахал болж, бизнесүүд олон сар хаагдсан,
- төгрөгийн ханш суларч, импортын үнэ өссөн,
- инфляц хоёр оронтой тоонд хүрч байсан үе бий,
- зээлийн хүү 18–22 хувьд хүрсэн.
Энэ бүхний дарамт иргэдийн бодит орлогыг багасгаж, бизнесийн идэвхийг сулруулсан. Харин НӨАТ-ын тогтолцоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байсаар иржээ.
Нэмэлт мэдээлэл:
Иргэдэд зориулсан НӨАТ-ын буцаан олголт шинэ схемээр олгогдоно
Эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтайгаар олгох шинэ механизм нэвтрүүлэхээр 2026 оны төсөвт тусгасан.
2026 онд,
- Сар бүрийн НӨАТ-ын буцаан олголт: Сар бүр 1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 50%-ийг буцаан олгох,
- 1,000,000 төгрөгөөс дээш худалдан авалтын НӨАТ-ын 20%-ийг буцаан олгох боломжтой.
2027 оноос,
- Сар бүрийн 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг бүрэн (100%) буцаах боломжтой болгох төлөвлөгөө хэлэлцэгдэж байна.
Энэ схем нь НӨАТ-ыг иргэдэд шууд буцаан олгож эцсийн хэрэглэгчийн татварын дарамтыг бууруулах зорилготой юм.
Хэрэв та сард 900,000 төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авбал: НӨАТ-ын нийт төлбөр = 90,000 төгрөг, Танд 90,000-ын 50% = 45,000 төгрөг буцаан олгоно.






