
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 18-нд тохиож байна.
Ирж буй жилийн ерөнхий өнгө, байгаль цаг уур, хүн зоны амьдрал ахуй, засал номын талаар Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.
Ирж буй гал морь жилийн ерөнхий өнгө, шороон үхрийн зурлагын талаар та эхлээд тайлбарлаж өгнө үү.
Жилийн өнгийг уламжлалт зурхайд хэд хэдэн аргаар тодорхойлдог. Тэдгээрийн нэг нь шороон үхрийн шинж юм. Энэ аргаар харвал ирж буй жил идэр, залууст амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлэх шаардлагатай жил гарч байна.
Идэр, залууст амгалантай хэмээх нь хөдөлмөр эрхлэлт, идэвх санаачилга, ажил үйлс урагшлах боломж илүү гэсэн утгатай. Харин нялхаст буюу эгэл ард иргэдийн амьдрал тогтуун, онцгой савлагаа багатай байна. Ахмад настнуудын хувьд эрүүл мэнддээ анхаарч, биеэ гамнах хэрэгтэйг сануулж буй дохио юм.

Байгаль, цаг уурын төлөв шороон үхрийн шинжээр хэрхэн харагдаж байна вэ?
Байгаль, цаг уурын хувьд энэ жил нийтдээ тогтуун, дунд зэргийн өнгөтэй. Хаврын эхэн болон тэргүүн саруудад хур тунадас бага, бага зэрэг гандуу байх шинж ажиглагдаж байна.
Жилийн дунд үед ч гангийн шинж цухалзах боловч нийт хур тунадасны хэмжээ хэвийн байх төлөвтэй.
Харин жилийн сүүлээр зарим бүс нутагт мөндөр, шамарга үзэгдэх магадлалтай.
Ерөнхийдөө бол огцом савлагаа багатай, тогтуун жил гэж дүгнэж болно.
Мал аж ахуйн салбарт ямар жил болох шинжтэй байна вэ?
Мал сүргийн хувьд ерөнхийдөө боломжийн, сайн жил. Гэхдээ тодорхой хэмжээнд сорилт, хямрал дагалдах магадлалтай.
Тиймээс малчид хавар, намрын бэлтгэлдээ анхаарах нь зүйтэй.


Энэ жилийг “Сүрээр дарагч гал морин жил” хэмээн нэрлэсэн нь ямар утгатай вэ?
Арван хоёр жил 60 жилийн мөчлөгөөр давтагддаг бөгөөд жил бүр өөрийн нэр, ёгт утгатай байдаг.
Энэ жилийн “Сүрээр дарагч” гэх нэршил нь их хэрүүл тэмцэлгүй, өлсгөлөн, өвчин зовлон багатай, харьцангуй амар амгалан жилийг бэлгэддэг.
Өөрөөр хэлбэл, нэршил болон зурлагын утга агуулгаараа энэ жил эерэг, тогтуун жил гэж үзэж болно.
Харш жил, жил орсон болон мэнгэний засалтай холбоотойгоор юуг онцлох вэ?
- Энэ жил хулгана жилтэй хүмүүс их харш, тахиа болон туулай жилтэй хүмүүс бага харш таарч байна.
- Морь жилтэй хүмүүсийн хувьд жил орсон засал хийнэ.
- Мөн нэг цагаан мэнгэ голлосон хүмүүс мэнгэний засал хийлгэх шаардлагатай.
- Харин бар, нохой жилтэй хүмүүсийн хувьд ивээл жил орж байгаа тул ивээл жилийн засал тохирно.
Эдгээр заслыг заавал нэг дор бус, цагаан сараас эхлээд жилийн дунд, сүүл хүртэл тохирсон үедээ хийлгэх боломжтой.
Хамгийн чухал нь өөрийн нас, суудал, мэнгэндээ тохируулан зөв сонгох явдал юм.
Хүмүүс яагаад шинийн 15-нд багтааж заслаа хийлгэхийг зорьдог вэ?
Шинийн 1-15-ны хооронд Бурхан багшийн их дүйчин өдрүүд тохиодог учраас энэ үед хийсэн буян арвижна гэж үздэг уламжлалтай.
Гэхдээ зурхайн номд заавал шинийн 15-нд багтаж засал хийх ёстой гэсэн хатуу заалт байдаггүй.
Жил гэдэг нь арванхоёрдугаар сарын 22-ноос дараагийн жилийн 22 хүртэл үргэлжилдэг тул жилийн турш заслаа хийлгэх боломжтой.
Ер нь эрэгтэй хүн жилийн өмнөөс, эмэгтэй хүн жил гарсны дараа заслаа хийлгэвэл зохистой гэж үздэг.
Жил солигдоход ном, засал зайлшгүй хэрэгтэй юу?
Зурхайн өнгө бол чиг баримжаа төдий. Харин тухайн жилийн өнгийг өөрийн зөв хандлага, зөв үйлдлээр батжуулж чадвал амьдрал ахуйд эерэг өөрчлөлт мэдрэгдэнэ.






