
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Хүртээмжтэй ирээдүй” санаачилгын хүрээнд “Хангай Ротари” клубтэй хамтран Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд зориулалтын тэргэнцэр гардууллаа.
2024 оны тоон мэдээгээр манай улсад 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд 0–17 насны хөгжлийн бэрхшээлтэй 455 хүүхэд бүртгэгдсэн байна. Эдгээр хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орчны хүртээмж, гэр бүлийн ачаалал зэрэг олон асуудлууд хүүхдийн амьдрал дээр зэрэг илэрч буй бодлогын томоохон сорилт юм.

Тэргэнцэр гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, “Хангай Ротари” клубийн үүсгэн байгуулагч Т.Уранбилэг нар оролцож, хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог хангахад төр, орон нутаг болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон. Мөн хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, стресс менежментийн сургалтыг зохион байгуулж, тусгай хэрэгцээт хүүхдийг дэмжих асуудлыг гэр бүл, сургалтын орчинд цогцоор нь авч үзэх шаардлагатай талаар саналаа хэлцгээж байв.






