
“SWAT Challenge-2026” тэмцээн энэ сарын 7-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болно. Энэ нь дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны нэгжүүдийн тактик ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сорьдог олон улсын тэмцээн юм.
Тэмцээнд 51 улсын 117 баг оролцохоор бүртгүүлжээ. Энэ жил анх удаа Монгол Улсаа төлөөлөн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн хоёр баг оролцож байгаагаараа онцлогтой.
“SWAT Challenge” тэмцээн нь Assault, Tactical, Officer Rescue, Tower Event, Obstacle Course зэрэг бодит нөхцөлд суурилсан олон төрлийн сорилтот даалгавартай. Эдгээр сорилт нь багийн уялдаа холбоо, хурд, стрессийн үед шийдвэр гаргах чадвар, тактикийн бэлтгэл зэргийг шалгадаг.






