
Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипах вирусын халдварын таван тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан ойрын хавьтал болсон 100 орчим иргэнийг хорио цээрийн дэглэмд хамруулжээ.
Тус улсын эрх бүхий байгууллагууд халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд Нипах вирусын тархалт, эрсдэлийг тогтмол судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд шинэ тохиолдол нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна.
Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй боловч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтаа чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна.
Иймд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Халдварын голомт болсон хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах
- Онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлэг болон олон нийтийн газраар явахгүй байх
- Хувийн ариун цэврийг чанд сахих
- Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй албан ёсны зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх
Мөн Энэтхэг Улс болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ Нипах вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.
Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгдсэн.
ДЭМБ-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Энэтхэг Улсын Керала мужид дөрвөн хүн өвчилж, хоёр хүн нас барсан талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулжээ.






