
Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин байна. Гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9 хувь, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлдэг. 2025-2026 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгаа. Энэ галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр хагас кокс, мидлинг, сайжруулсан түлш нийлсэн нийт 283,949 тонн хатуу түлшийг нийлүүллээ. Үүнээс энэ жил 210,328 тонн хагас коксон түлшийг хэрэглээд байна. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байна.
Өнөөдрийн байдлаар алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй нийт өрхийн тоо 159,299 байна. 2025 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үе шаттай шинэчилж, нийт 157 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, суурилуулсан.
Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд усан болон уурын халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, өнөөдрийн байдлаар нийт 570 аж ахуйн нэгж, байгууллага 39,358 тонн мидлингийг “Тавантолгой түлш” ХХК-иас худалдан авч хэрэглээд байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс






