
Э.Энхбаяр: Би мэдрэмжээ дагаж хурдан морио уядаг
Монгол бахархал, ондоошил, өв уламжлал, ахуй соёлоо түүчээлж яваа малчин түмэн, уяач залуусын ажил хөдөлмөрөөр эрхгүй бахархна.
Ер тэгээд хүн эрхэлсэн ажилдаа эзэн нь болж явна гэдэг нь гайхалтай. Салбар салбартаа манлайлагч, түүчээлэгч, дайчин хөдөлмөрч байж гэмээнэ үйлдлээрээ, ажил бүтээлээрээ бусдад эерэгийг түгээж, үлгэрлэнэ л гэсэн үг.
Төв аймгийн Сэргэлэн сум хурдан удмын буянт хүлгүүд, ажилсаг шаавай уяачаараа хэзээний алдартай нутаг даа. Ингээд бид жавар тачигнасан, өвлийн хүйтэн өглөө хүлгийн жолоогоо Улаанбаатар хотоос 62км-ийн зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг руу заллаа. Ийн зорьсны учир нь “Оргилд хүрэх зам” нэврүүлгийнхээ шинэхэн дугаарыг бэлтгэхээр 3 дахь үеийн залгамж Аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаярынд буусан нь энэ.

Түүний хувьд өвөө, аавыгаа дагаж морь малын нуруун дээр мордон, бага насаа өвөөгийнхөө дэргэд өнгөрүүлэхдээ малд нүдтэй, уяа сойлгод гаргуун, төрмөл авьяасаа хөдөлмөрөөр зүлгэж өнгө оруулсан хөдөлмөрч нэгэн.
Монгол Улсын анхны 11 Манлай уяачдын нэг Д.Даш агсны алдарт “Молор хонгор азарга”-ыг хурдан морь, адуу сонирхогч, үзэгч та бүхэн мэднэ бизээ. Молор хонгор азарга нь 1982-1987 онд төрийн баяр цэнгэл наадамд зургаан удаа айрагдсан суут хурдан хүлгүүдийн нэг байв.


Та бүхэндээ “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн зочинтойгоо уяа сойлго, малч ухаан, малчин залуусын нөр их хөдөлмөр, түүнээс урган гарах үр дүн, эерэг ач тус гээд л монгол ахуйгаар хэрхэн аялснаа хүүрнэн өгүүлье.


-Сайн байна уу? Өвөлжөө сайхан уу?
-Сайн сайн байна уу. Өвөлжөө сайхан байна. Та бүхэн сайн явж ирэв үү?
-Танай нутгаар өвөлжилт ямархуу байна даа?
-Энэ жилийн хувьд манай энэ Сэргэлэн сум урд тал рууга ялангуяа зун нь ногоо цагаа ургасангүй л дээ.
Жилийн жилд манай нутагт цас нэлээн орноо. Энэ жил цас нэлээн унаж, зудархуу байдалтай, нутгийн урагшаа саяхан яваад ирлээ. Өвөлжилт хүндрэх төлөвтэй л байна. Тэр дотроо Хөшигийн хөндийн жавар хүйтэн, тачигнана шүү дээ.
-Өмнө нь өөрөө Спортын сэтгүүлч, тайлбарлагчаар хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан. Одоо яг энэ мал аж ахуйн салбартаа хэзээнээс шулуудан орчхов?
-Миний хувьд Радио телевиз, медиа урлагийн сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр 2006 онд төгссөн. Тэгээд 2006 оноос эхлээд 2012 он хүртэл хэвлэл мэдээллийн салбарт, ТМ телевизэд мэргэжлээрээ ажиллаж байгаад тэр цагаас хойш хөдөө нутагтаа ирээд, Уяачийн эрдэмдээ шамдаад, эндээ ажиллаад амьдраад байна даа.


Э.Энхбаяр: Өвөөгөө багаасаа дагаж морь уяж суралцсан
-Өвөө, аавыгаа дагаж морь малд нүдтэй, гярхай байхад суралцахаас эхлээд Уяачийн эрдэмд шамдаж эхэлсэн гэж сонссон?
-Тийм. Манай өвөөг Дашгомбын Даш гэдэг хүн байсан. Монгол Улсын анхны 11 Манлай Уяачийн нэг нь. Багадаа хөдөө өвөөгийнхөө уясан хурдан буянгуудын нуруун дээр өсөж өндийж, хурдан морины тоосон дунд дарагдан, сайхан дурсамжуудыг олон бүтээсэн.
12 нас хүртлээ хурдан морь унаж байгаад 13 наснаасаа Уяачийн эрдэмд шамдан суралцаж эхэлсэн дээ.
-Хурдан морь уях тун амаргүй ажил хөдөлмөр. Хүний ур ухаан, онцгой мэдрэмж, шантрашгүй тэвчээрийг шаардах болов уу?
-Монгол хүмүүс чинь хөдөө төрсөн нутагтаа ингээд мал ахуйгаа маллаад л, хийморьтой адуугаа адгуулаад л ингээд байх нь үгээр хэлэхийн аргагүй жаргал шүү дээ. Зарим залуус төв суурин бараадаж л байна. Гэхдээ л монгол хүний дотор цэвэр цэнгэг хөдөө нутгийн агаарт гараад л, сайхан малын, хот хорооны үнэр үнэртэх чинь хичнээн сайхан байдаг билээ.
Монгол хүн бүрийн цусанд бий болов уу. Гадны улсад удаан ажиллаж, амьдарсан ч Улсынхаа баяр наадмыг үзээд л тэсгэлгүй огшдог, нүдний аяганд нулимс бүрхээд л ирдэг гэж хүмүүс ярьдаг даа.
Уяач хүн чинь халуунд халж, хүйтэнд хөрж, жилийн 4 улиралд хөдөлмөрлөж зүтгэдэг ийм ажил. Уйгагүй л хөдөлмөрлөхийг мал ахуй бол шаарддаг. Хамгийн гол нь шантрахгүй, бууж өгөлгүй л зүтгэх хэрэгтэй. Ер тэгээд аливаа ажил бүхэн амар биш гагцхүү ард нь гарахын тулд тасралтгүй, зогсолтгүй л хөдөлмөрлөж байж үр дүн нь гардаг.


Манай өвөөгийн улсад 5 удаа айрагдсан хонгор азарга байсан.
Энэ нэрээр уяагаа “Молор Хонгор” хэмээн нэрлэсэн
-Танай уяаны галын нэр нь сонирхол их татлаа?
-Манайх “Молор хонгор” нэртэй гал. Энэ нэр нь манай өвөөгийн Улсад 5 удаа айрагдсан хонгор азарганы нэрээр нэрлээд авч явдаг гал байгаа. Манай 4-5 найзууд хамтдаа энэ уяанд бий. Нутаг нутгийн тэр дотроо Архангай, Төв, Баянхонгор, Дундговь аймгийн уяачид байна даа.
Олон түмний таньдагаас манай Жүдо бөхийн топ тамирчдын нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг гэр бүлийн хүнтэйгээ байдаг. Сүүлийн жилүүдэд Уранаа баатар маань гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа хурдан морь сонирхоод, адүү үржүүлж буй. Бид хамтдаа тэгээд л хурдан морьдоо уядаг даа. Би чинь одоо Баатарын Уяач шүү дээ./инээв/


-Хэр баргийн аавын хүү өөрөө гардаж морь уяж чадахгүй л болов уу. Тэгэхээр та хурдан буянгуудаа уяа сойлгыг нь хэрхэн тааруулж, яаж ур ухаанаа хосуулдаг вэ?
-Морь уяна гэдэг нь хүний уйгагүй хөдөлмөр, мэдрэмж, уг хүний гярхай байдал гээд л олон зүйлийн хоршил л доо.


Э.Энхбаяр: Манай өвөө анхны 11 Манлай уяачийн нэг нь Дашгомбын Даш гэж хүн байсан
Манай өвөө надад тоглоом наргиагаар хэлдэг байлаа. Хүн морь уяж сурдаггүй юмаа. Морь мэддэг юм шиг, хурдан морь таньдаг ч гэдэг юмуу, хурдан морийг ингэж уядаг юм гэж битгий худлаа ярьж байгаарай. Хурдан морь таньдаг, уядаг гэж ярьдаг хүн бол хамгийн худалч хүний хийдэг ажил шүү гэж хэлдэг байсан.
Тэр ч утгаараа заримдаа хүмүүс надаас сошиалаар их асууна. Ахаа, морь ингээд, тэгээд байна гэж их асуудаг. Тэгэхээр нь ах нь ч өөрөө наадахыг чинь мэдэхгүй учраас чамд хэрхэн, яаж зөвлөх вэ дээ гэж хэлдэг.
Ер нь хамгийн гол нь гярхай байдал. Байнгын бид нар чинь морьдтойгоо хамт байгаа учраас болж байна уу, болохгүй байна уу гэдэг зүйлийг өөрөө жаахан мэдээд, мэдрээд байдаг. Тэгэж л уяна л даа.
Өвөөгөөс сурсан, суралцсан эрдмээрээ өөрийн морьдоо уяна. Заримдаа тэгчихмээр ч юм шиг санагдана. Хааяа ингэмээр бодогдоно.
Би бол тэр мэдрэмжээ л дагаж уядаг.
-Аавынхаа тухай болон гэр бүлийнхээ тухай өгүүлээч?
-Манай аавыг Дашын Энхтайван. Айлын бага хүү. Одоо аав, ээж хоёр маань Төв аймгийн Сэргэлэн сумандаа амьдарч байна. Би аавтайгаа хамтдаа адуу мал дээрээ тасралтгүй хамт байдаг байлаа. Одоо би залгамжлаад л хурдан морь уяад л адуугаа адгуулаад явж байна.
Миний гэргийг бид хоёр, 1 их сургуульд суралцаж байлаа. Одоо гурван сайхан охинтой, бид амьдарч байгаа.


Морь уяна гэдэг нь уйгагүй хөдөлмөр зүтгэл, тэвчээр шаардана. Гэхдээ үнэхээр сайхан ажил
-Хүн оносон салбартаа эрхэлсэн ажилдаа эзэн нь байх хамгийн сайхан. Хурдан морь уях нь амжилтыг басхүү санхүүгийн өндөр зардлыг ч дагуулдаг?
-Тийм. Хурдан морь уях, яг энэ салбарт зардал, санхүү маш их шаардагдана. Гэхдээ л сайхан ажил шүү дээ.
Харин байнгын наадам уралдаанд түрүүлнэ, урдуур хурдан буянгууд давхина гэж байхгүй. Гол нь шантрахгүй, уйгагүй л хөдөлмөрлөх хэрэгтэй.
Аливаа зүйл ээлж дараатай. Цагийн юм цагтаа гэдэг шиг амжилт, ялалт, хөдөлмөрийн үр шим цаг хугацаа нь болохоор л ирдэг гэж би хувьдаа боддог доо.
-Энэ бол баг хамт олны ажил болов уу?
-Тийм. Одоо манай гал дээр маш чухал хүмүүс бол уралдаанч хүүхдүүд, бас туслах ажилтан гэж бий. Тэднийхээ хамтын хүч дэмээр бид чинь ажлынхаа үр дүнг үзнэ шүү дээ. Тиймээс тэд нартаа маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.


Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ
Эвлүүлгийн найруулагч А.Батбаяр
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






