
Английн Манчестер хотод амьдардаг 2 настай Жүд Оуэнс снукер биллиардын спортод гаргасан амжилтаараа Гиннесийн Дэлхийн Рекордын эзэн болжээ.
2 нас 261 хоногтой тэрээр “double pot” буюу нэг цохилтоор хоёр нүхэнд тус бүр нэг бай бөмбөг оруулж чадсан хамгийн залуу тоглогч болсноос гадна цохиур бөмбөгөөрөө бай бөмбөгийг онож нүхэнд оруулахдаа цохиур бөмбөгийг ширээний 1 ба түүнээс олон хашлаганд ойлгож чадсан хамгийн залуу тоглогч болжээ.
Хүүгийн аав Люк Оуэнс хүүдээ снукер биллиардын мини ширээ авч өгснөөр 2 настай Жүд Оуэнс биллиардад дуртай болсон ба аав нь түүний цохиураа гартаа анх барьж, ширээн дээр байрлуулж байгааг нь хараад тус спортод авьяастайг нь мэдсэн гэжээ.
Түүнээс гадна Жүд хэдийн снукер биллиардын зарим нэг хүнд хэцүү техник, ур чадваруудыг эзэмшиж эхэлсэн ба снукер биллиардын спортод үзүүлсэн амжилтаараа ивээн тэтгэгчтэй болсон хамгийн залуу тоглогч болж, 2025 оны Их Британийн Снукер Биллиардын Аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцсон аж.
Жүд биллиарднаас гадна Английн Премьер лигийн Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч бөгөөд тус багийн ахлагч Бруно Фернандесийг шүтдэг аж.






